2010-02-24

Сонгуулийн тэгш эрхийн талаар ҮХЦ-д гаргасан өргөдөл

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД
2008.07.14 Улаанбаатар хот

Монгол улсын иргэн бид Монгол Улсын Их хурлаас (цаашид “УИХ” хэмээн товчлох) 2007 оны 12 сарын 27-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” 98 дугаар тогтоол нь Монгол улсын Үндсэн хуулийн (цаашид “Үндсэн хууль” гэх) Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг, Арван зургадугаар зүйлийн 9 дүгээр заалтыг, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, уг зүйлийн 2 дахь хэсгийн 1 дүгээр заалт, Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-р заалт, 16-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн дээр дурдсан УИХ-ын 98-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох, Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд уг тогтоолыг болон түүнд үндэслэн явагдсан 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг бүхэлд нь хүчингүйд тооцож,Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлийг адилтган хэрэглэж, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 51-р зүйлийн дагуу “2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг нэгтгэн гаргаж, нийтэд мэдээлэх тухай” шийдвэр гаргахыг болон гаргасан тохиолдолд түүний биелэлтийг түдгэлзүүлэхээр нэн даруй шийдвэрлэж өгөхийг тус тус хүсэж, энэхүү өргөдлийг гаргаж байна.

Энэхүү өргөдлөө бид дараах байдлаар үндэслэж байна. Үүнд:

1. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтаар Монгол улс ардчилсан, эрх зүйт төртэй байхаар баталгаажуулан хуульчилсан бөгөөд ардчилсан төрийн үндэс нь бүх нийтийн, шууд, чөлөөт, тэгш сонгуулийн эрхэд үндэслэсэн нууц санал хураалттай сонгууль байдаг. Энэ тулгуур зарчмуудыг Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөн баталгаажуулан хуульчилсан.

Эрх зүйт төрийн нэг үндсэн шинж нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ба хэн ч ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг эдлэх боломжийг төрөөс баталгаатай хангасан байх явдал билээ. Энэ тулгуур зарчмыг ч мөн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт баталгаажуулан хуульчилсан байна. Гэтэл “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” 98 дугаар тогтоолоор УИХ-ын сонгуулийн тойргуудад ногдох мандатын тоог ялгавартайгаар тогтоосон нь Монгол улсын иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхийн тэгш байдлыг алдагдуулж, сонгогчид УИХ-ын сонгуулийн аль тойрогт хамаарч буйгаас шалтгаалан УИХ-д төлөөллөө ялгавартайгаар сонгох эрхтэй байж, УИХ-аас гаргах шийдвэрт харилцан адилгүй нөлөөлөлтэй байхад хүргэж буй учир Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

2. Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн тулгуур зарчмыг хангахын тулд энэхүү эрхийг тодорхой суурь зарчмуудыг баримтлан баталгаатай эдлүүлэх шаардлагатай. Тэдгээр зарчмыг Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар болон Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтад үндэслэн Монгол Улсын нэгдэн орсон, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 сарын 16-ны өдрийн 2200А /XXI/ тоот тогтоолоор баталж, 1976 оны 03 сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 25-р зүйлийн 25/b/-д “Сонгуулийг бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрхтэй” гэсэн заалтаар тус тус хуульчилсан.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт иргэдийн сонгох эрхийн зарчмуудыг баталгаажуулахдаа ардчилсан сонгуулийн тулгуур зарчим болох сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг тухайлан дурдаагүй нь сонгох эрхийн энэхүү зарчмыг тухайлан тодруулан заахыг орхигдуулсан л явдлаас бусадаар ардчилсан эрх зүйт төрийн тулгуур зарчим болох Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт ба нийтлэг хамаарагч үндсэн эрх болох Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заагдсан тэгш эрхийн зохицуулалтаас гадуур үлдэх, даваж гарах ямар ч эрх зүйн үндэсгүй юм. Мөн Монгол улсын аль ч хуульд иргэдийн сонгох эрхийн тэгш байдлыг алдагдуулахыг зөвшөөрсөн ямар ч хязгаарлалтыг хуульчлаагүй. Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчихгүйгээр ийм хууль тогтоомжийг батлах ямар ч эрх зүйн боломж байхгүй юм. Түүнчлэн гадаадын ардчилсан эрх зүйт төртэй орнуудын эрх зүйн шинжлэх ухаанд сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлын зарчим суурь зарчим гэдэг нь мэдээжийн хүлээн зөвшөөрөгдсөн асуудал байдаг бөгөөд энэхүү зарчмыг дээд зэргээр хангасан байж жинхэнэ ардчилсан сонгууль болно гэдгийг ч нийтлэг хүлээн зөвшөөрч хичээн зүтгэдэг. Манай улсын эрх зүйн шинжлэх ухаанд ч уг зарчмыг миний та бүхэнд хууль зүйн үүднээс үндэслэхийг хичээж буй лугаа тайлбарласан үзэл бодол (Б.Чимид, Сонгуульд суралцахуй: тогтолцоо, үйл явц, эрх зүй, 2008 он, 55 дахь талд үзнэ үү.)байдгийг дашрамд дурдая.

Ийм учраас УИХ-ын 98-р тогтоол нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчжээ.

3. Өргөдөл гаргагчийн үзэж буйгаар УИХ-ын 98-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн агуулгатай тул Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг мөн зөрчжээ.

4. Мөн дээр дурсанчлан уг тогтоолоос хууль зүйн хүчин чадлаар дээгүүр эрх зүйн баримт бичиг болох Монгол Улсын нэгдэн орсон, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 сарын 16-ны өдрийн 2200А /XXI/ тоот тогтоолоор баталж, 1976 оны 03 сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 25-р зүйлийн 25/b/-д “Сонгуулийг бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөж буй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 10-р зүйлийн 10.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10-р зүйлийн 10.3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтыг мөн адил зөрчжээ.

Иймээс УИХ-аас 2007 оны 12 сарын 27-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” 98 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн шалгаж, бидний энхүү өргөдлийг барагдуулан шийдвэрлэж өгнө үү.

ӨРГӨДӨЛ ГАРГАСАН:

Монгол овогт Дашдондогийн Үүрцайх
Чонос овогт Чадраабалын Өнөрбаяр

Keine Kommentare: