2010-02-24

Н.Жанцан гишүүний татгалзсан тогтоолыг үл зөвшөөрч гаргасан гомдол

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2009 оны 04-р сарын 08-ны өдөр ХБНГУ, Бонн хот

Гомдол гаргах нь:

Монгол Улсын иргэн Д.Үүрцайх миний бие иргэн Ч.Өнөрбаяртай хамтран 2008 оны 7-р сарын 14ий өдөр “Монгол Улсын Их Хурлын (цаашид “УИХ” хэмээн товчлох) сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” УИХ-ын 2007 оны 12-р сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцэд (цаашид “ҮХЦ” хэмээн товчлох) хандан гаргасан өргөдлийг ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан 2008 оны 8-р сарын 5ы өдрийн 85 тоот тогтоолоороо Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуулийн (цаашид “ҮХЦМХШАТХ” хэмээн товчлох) 21 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгон маргаан үүсгэхээс татгалзан шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч, үүгээр ҮХЦМХШАТХ-ийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу дахин хэлэлцүүлэхээр ганцаарчилан гомдол гаргаж байна.

I. ҮНДЭСЛЭЛ

  1. ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцангийн энэхүү тогтоолын хяналтын хэсэгт “бидний гаргасан өргөдөлтэй “адил агуулга бүхий” маргаануудыг өмнө нь хянан шийдвэрлэсэн ҮХЦ-ийн гишүүний тогтоол болон ҮХЦ-ийн гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр байгааг” татгалзах үндэслэл болгон дурдсантай миний бие санал нийлэхгүй байна. Тэрхүү дурдагдсан өргөдлүүдийн агуулга нь бидний гаргасан өргөдлийн шаардлагатай агуулгаар давхцахгүй байгаа бөгөөд бидний гаргасан хууль зүйн үндэслэл, одоогийн эрх зүйн орчин нь ч мөн өөр өөр юм. Тухайлбал:

а) Иргэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нараас ҮХЦ-д хандаж гаргасан өргөдлийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар 1993 оны 12-р сарын 22-ны өдөр хэлэлцэн гаргасан 04 дүгээр дүгнэлтийн агуулгаас үзэхэд:

- Дээрх иргэд нь 1992 оны сонгуулийн хуульд сонгуулийн тэгш эрхийн зарчмыг тухайлан хуульчлаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна хэмээн үзсэн байдаг бөгөөд ҮХЦ ч мөн энэ агуулгаар нь шалган шийдвэрлэсэн байдаг. Харин бид өргөдөлдөө сонгуулийн хуулийн аль нэг заалт Үндсэн хуультай зөрчилдсөн тухай асуудлыг бус харин УИХ-ын бусад шийдвэрт хамаарагдах УИХ-ын тодорхой тогтоол нь Үндсэн хуултай зөрчилдсөн тухай асуудлыг хөндсөн билээ.

- Дээрх иргэд нь өргөдөлдөө “...Улсын Бага Хурал сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа ердөө л засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дагуу 26 тойргоор зохион байгуулж, 8 тойрогт 2 мандат, 12 тойрогт нь 3 мандат, 6 тойрогт нь 4 мандат хуваарилсан нь сонгогчдыг оршин суугаа газар нутгаар нь ялгаварлан үзсэн мэт болсон юм” хэмээн бидний өргөдлийн нэгдүгээр шаардлагатай “ойролцоо агуулга бүхий” асуудлыг дурдсан хэдий ч, Улсын Бага Хурлын тойрог байгуулж, мандат хуваарилсан тухай алив тодорхой шийдвэрийг дурдаагүй, зөрчигдсөн гэж үзэж буй Үндсэн хуулийнхаа заалтыг тодорхойлон заагаагүй зэргээр томъёоллоо гүйцэд хийж, хангалттай үндэслээгүй учраас ҮХЦ нь ҮХЦМХШАТХуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчлагдсан өөрийн санаачлагаар маргаан үүсгэн шалгахгүй байх зарчмынхаа үүднээс энэхүү асуудлын талаар ямар нэг шийдвэр гаргаагүй нь уг дүгнэлтийн хяналтын болон тогтоох хэсгээс тодорхой ойлгогдож байна. Харин бид бол “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” УИХ-ын 2007 оны 12-р сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоол гэсэн маш тодорхой эрх зүйн актын Үндсэн хуультай зөрчилдсөн баримтыг гаргасан учир бидний өргөдлийн үндэслэл, шаардлага нь энд дурдагдсан иргэдийн өргөдлийн шаардлага болон ҮХЦ-ийн 1993 оны 12-р сарын 22 –ны өдрийн 04 тоот дүгнэлтийн шийдвэрлэсэн асуудалтай агуулгаар давхцахгүй байгаа юм.

б) Дараачийн “адил агуулга бүхий” маргааныг шийдвэрлэсэн ҮХЦ-ийн шийдвэрээр иргэн Р.Ууганбаяр, Л.Тэмүүжин нарын гаргасан өргөдлийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн гаргасан 2007 оны 11-р сарын 16-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтийг дурдсан байна. Эдгээр иргэдийн гаргасан өргөдлийн агуулга нь бидний гаргасан өргөдлийн шаардлагаас дараах байдлаар ангид юм. Үүнд:

- Бид тэдэнтэй адилаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай бус, дээр дурдсанчлан тэдгээр заалтад үндэслэн гаргасан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тухай өргөдөл гаргасан.

- Бид тэдэнтэй адилаар сонгогчид саналын нэг л эрхтэй, нэг л нэр дэвшигчийг сонгох ёстой, хоёр ба түүнээс олон нэр дэвшигчид санал өгүүлэхээр сонгогчдыг албадсан агуулгатай байна гэсэн үндэслэл гаргаагүй. Харин сонгогчид УИХ-ын сонгуулийн аль тойрогт хамаарч буйгаас шалтгаалан УИХ-д төлөөллөө сонгох харилцан ялгавартай тооны саналын эрхтэй болгосноос УИХ-аас гаргах шийдвэрт харилцан адилгүй нөлөөлөлтэй байхад хүргэж, сонгох эрхийн тэгш байдлыг алдагдуулсан байна гэсэн үндэслэлийг гаргасан.

в) Гурав дахь “адил агуулга бүхий” асуудлыг шийдвэрлэсэн ҮХЦ-ийн шийдвэрээр иргэн Д.Ламжавын “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль (5 ба 6 дугаар зүйл, тухайлбал 5.1, 6.2)-д “тэгш эрхийн үндсэн дээр” сонгох сонгогдох эрхийг орхигдуулан хуульчилсан нь” Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох заалтуудыг зөрчжээ гэсэн үндэслэл бүхий өргөдлийг хянан хэлэлцэж гаргасан ҮХЦ-ийн гишүүн Д.Мөнхгэрэлийн 2008 оны 2-р сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоол, ҮХЦ-ийн бага суудлын хуралдааны 2008 оны 3-р сарын 26-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус дурдсан байна. Энд миний бие мөн л УИХ-ын сонгуулийн хуулинд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн бус, харин Үндсэн хууль болон сонгуулийн хууль тогтоомжид тусгайлан хуульчлаагүй боловч Үндсэн хуулийн агуулгаар, тухайлбал ардчилсан ёсны зарчим, тэгш эрхийн зарчим зэргийг баталгаажуулан хуульчилсан Үндсэн хуулийн тодорхой заалтуудын агуулгаар тодорхойлогдсон сонгуулийн тэгш эрхийн зарчмыг УИХ-ын 98 дугаар тогтоол зөрчсөн байна гэсэн өргөдлийн шаардлага гаргаснаа давтан илэрхийлэх байна.

  1. Н.Жанцан гишүүний татгалзах тогтоолоо үндэслэсэн маргаануудыг хянан хэлэлцэж байх үеийн нийгэм, улс төрийн болон хууль зүйн нөхцөл байдлууд нь мөн бидний өргөдөл гаргах үеийнхээс ялгаатай байгааг та бүхэн анхааралдаа авна уу. Тодруулбал, дурдагдсан зарим маргааныг хэлэлцэх үед болон өргөдөл гаргах үед бидний өргөдлийн шалтгаан болсон УИХ-ын 2007 оны 12-р сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоол батлагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй байсан ба энэхүү Үндсэн хууль зөрчсөн шийдвэрт тулгуурласан УИХ-ын сонгууль явагдаагүй байсан болно. Нөгөөтэйгүүр Н.Жанцан гишүүний тогтоолын хяналтын хэсгийн 1 дүгээрт дурдагдсан ҮХЦ-ийн 1993 оны 12-р сарын 22-ны өдрийн дүгнэлтийн үндэслэл болсон 1992 оны сонгуулийн хууль хэдийгээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын сонгуулийн хуультай агуулгын хувьд “ойролцоо” боловч, тэдгээр заалтууд нь 1995 оны нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон. Аливаа хуулийн зүйл, заалтын агуулгыг шүүхийн зүгээс тухайн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цаг хугацааных нь эрх зүйн болон нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлаж, хэрэглэх нь зүйд нийцэх болов уу. Бидний өргөдлийн шаардлага Н.Жанцан гишүүний дурдсан ҮХЦ-ийн шийдвэрүүд гарах шалтгаан болсон өргөдлүүдийн шаардлагатай агуулгын хувьд адил бишийн улмаас гишүүний татгалзах тогтоолын үндэслэл өмнөх 1-ийн а)) хэсгүүдэд дурдсанчлан няцаагдаж буй хэдий ч гомдол гаргагч миний бие энд ҮХЦ-ээс урьд нь “ойролцоо” агуулга бүхий маргаануудыг шийдсэн шийдвэрүүдээ тухайн өргөдлийн шаардлагын нарийвчилсан ялгаатай агуулгуудыг тухайлан шалгалгүйгээр баримтлаж, энэ мэтчилэн ерөнхийлөн хамаатуулж шийдвэрлэх нь Монгол улсын нийгэм, төрийн байгуулал, аюулгүй байдлын үндэс болсон Үндсэн хуулийн агуулгыг шийдвэрээрээ тайлбарлах эрх бүхий байгууллага, чандлан сахиулах баталгаа болсон ҮХЦ, түүний гишүүний хувьд байж болошгүй явдал хэмээн үзэж буйгаа зарчмын үүднээс илэрхийлж байна.

Монгол улсын иргэний хувьд миний бие дээр дурдагдсан ҮХЦ-ийн 1993 оны 04 дүгээр дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд шүүмжлэлтэй хандаж, энэхүү шийдвэрийг ҮХЦ-ийн зүгээс удаа дараагийн шийдвэрүүддээ төрийн байгуулал, ардчилсан ёсны үндэс болсон иргэдийн сонгох эрхийн тэгш байдлын зарчмыг хангах гэсэн иргэдийн өргөдлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэн шийдвэрлэхдээ үндэслэл болгон дурдсаар байдагт эмзэглэж явдаг нэгэн. Мөн энд тэдгээр өргөдөл гаргагчдын өргөдлийн шаардлагаа хууль зүйн хувьд буруу үндэслэсэн, тодорхойгүй томъёолсон алдаа нөлөөлөж, ҮХЦ-д өөрөөр шийдэх боломжийг тэр бүр олгоогүй гэдгийг ч бас дурдах ёстой байх. Урьд гаргасан шийдвэрээ чиглэл болгон баримтлах нь ҮХЦ-ийн бүрэн эрх боловч бас зарим шийдвэрүүдийнхээ агуулгыг олдсон боломжийг тохиолдуулан засан залруулж, шинэчлэн сайжруулж байх нь ч мөн адил гагцхүү ҮХЦ-ийн бүрэн эрхийн асуудал билээ. Миний бие энэхүү гомдлоороо ҮХЦМХШАТХуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу өөрийн санаачлагаар маргаан үүсгэн шийдвэрлэх эрхгүй ҮХЦ-д монголын “балчир” ардчиллыг, Үндсэн хуулийн ардчилсан байгууллын үндсийг хууль тогтоогчийн, улс төрчдийн алдаа, дур зоргоос хамгаалах боломжийг гаргаж өгч байна хэмээн мунхаглаж буйг та бүхэн мэргэн ухаандаа болгоогтун.

II. ГОМДЛЫН ШААРДЛАГА

  1. Иймээс ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцангийн бидний өргөдлийг хянаад гаргасан 2008 оны 8-р сарын 5ы өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 85 тоот тогтоолыг үндэслэлгүй хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. Миний бие урьд гаргасан өргөдлийнхөө бүх шаардлагаас буцалгүй дэмжиж байна.

  1. Миний энэхүү гомдлыг ҮХЦМХШАТХ-ийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэж өгнө үү.

III. НЭМЭЛТ ТАЙЛБАР, ҮНДЭСЛЭЛ

Гомдлын шаардлагаа нотлон баталгаажуулж, дэлгэрүүлэн тодотгох зорилгоор дараах нэмэлт тайлбар, үндэслэлүүдийг дурдаж байна. Үүнд:

  1. Н.Жанцан гишүүний татгалзах тогтоолоо үндэслэн дурдсан ҮХЦ-ийн шийдвэрүүдэд харин ч бидний өргөдлийн шаардлагыг дэмжин, нотлосон агуулгатай дараах хэсгүүд бий. Жишээ нь:

- ҮХЦ-ийн 1993 оны 12-р сарын 22 –ны өдрийн 04 тоот дүгнэлтэд дурдагдсан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ц.Товуусүрэн нараас ҮХЦ-д бичгээр ирүүлсэн тайлбарт сонгуулийн тэгш эрхийн зарчим нь “улс төрийн тэгш эрхийн зарчмаар үндсэндээ тодорхойлогдоно. (Энд бидний өргөдөлдөө зөрчигдсөн хэмээн үндэслэсэн Үндсэн хуулин дахь “нийтлэг хамаарагч үндсэн эрх болох Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заагдсан тэгш эрхийн зохицуулалт”-ыг илэрхийлсэн болов уу.)Энэ нь нэг хүн нэг санал гэсэн зарчимд тулгуурлана” гэсэн нь,

- Мөн уг дүгнэлтэд дурдагдсан УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Энэбиш ҮХЦ-ийн гишүүний тавьсан асуултанд хариу болгон бичгээр ирүүлсэн тодорхойлолтдоо сонгуулийн “тэгш эрхийн зарчмыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: сонгогчийн санал бусад сонгогчийнхтой тэнцүү байх...” гэсэн нь болон “2. Монгол Улсын үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд мөн хуулийн 14 дүгээр зүйлд буй “эрх тэгш байх” зарчмыг улам тодотгожээ. Түүнийг хязгаарлаагүй байна” гэсэн нь,

- Иргэн Д.Ламжавын өргөдлийг хянан хэлэлцэж гаргасан ҮХЦ-ийн бага суудлын хуралдааны 2008 оны 3-р сарын 26-ны өдрийн 04 дүгээр магадлалын нэгдүгээр үндэслэлд ҮХЦ-ийн 1993 оны 4 дүгээр дүгнэлтээр “...сонгуулийн “тэгш эрхийн” зарчим Үндсэн хуульд тусгагдаагүй болохыг тогтоосон байна” гэснийг миний бие “Үндсэн хуулийн Хориннэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тусгайлан” хуульчлаагүй болохыг тогтоосон байна” гэсэн агуулгаар ойлгож байгаа тул,

-Мөн энэхүү магадлалын хоёрдугаар үндэслэлд “Нэг сонгогч нэг мандат, сонгогч нэг л удаа санал өгөх, сонгогчийн санал бусад сонгогчийнхтой тэнцүү байх, тойрог хэсэг байгуулахдаа оршин суугчдын харьцааг ойролцоо байлгах, сонгогчдын төлөөллийг адил байлгах, сонгогч бүрийн санал өгөх нөхцөл боломж адил байх зэргээр сонгуулийн “тэгш эрхийн” зарчмыг тодорхойлж болох бөгөөд эдгээр нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрийн орны онцлог байдлыг харгалзан тусгагдсан байна” гэсэн зэрэг нь бидний өргөдлийн нэгдүгээр үндэслэлийн ардчилсан ёс, ардчилсан төрийн зайлшгүй урьдчилсан нөхцөл нь иргэд сонгуулийн тэгш эрхтэй байх явдал гэснийг, түүнчлэн хоёрдугаар үндэслэлийн Монгол улсын хууль тогтоомжид сонгуулийн тэгш эрхийн зарчим зохих хэмжээндээ хуульчлагдсан гэсэн агуулгыг болон “...Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт иргэдийн сонгох эрхийн зарчмуудыг баталгаажуулахдаа ардчилсан сонгуулийн тулгуур зарчим болох сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлыг тухайлан дурдаагүй нь сонгох эрхийн энэхүү зарчмыг тухайлан тодруулан заахыг орхигдуулсан л явдлаас бусадаар ардчилсан эрх зүйт төрийн тулгуур зарчим болох Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт ба нийтлэг хамаарагч үндсэн эрх болох Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заагдсан тэгш эрхийн зохицуулалтаас гадуур үлдэх, даваж гарах ямар ч эрх зүйн үндэсгүй юм. Мөн Монгол улсын аль ч хуульд иргэдийн сонгох эрхийн тэгш байдлыг алдагдуулахыг зөвшөөрсөн ямар ч хязгаарлалтыг хуульчлаагүй. Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчихгүйгээр ийм хууль тогтоомжийг батлах ямар ч эрх зүйн боломж байхгүй юм” гэснийг давхар баталгаажуулж байна.

-Түүнчлэн ҮХЦ 1993 оны 04 дүгээр дүгнэлтийн тогтоох хэсэгтээ УИХ-ын сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн хүрээнд боловсронгуй болгох шаардлага байгааг үгүйсгэхгүй буйгаа илэрхийлснийг энэ дашрамд энэхүү гомдлын шаардлагаа дэмжсэн нотлох баримт болгон дурдая

  1. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн бүх эрх ард түмний мэдэл байна” хэмээн заасан нь Монголын ард түмэн өөрийн хувь заяаг гагцхүү өөрөө мэдэн шийдвэрлэх бүрэн эрхтэй болохыг тунхаглаж, ардчилсан нийгэм, төрийн байгууллыг баталгаажуулсан хэрэг билээ. Ард түмний энэхүү бүрэн эрхт байдал нь тухайн ард түмнийг бүрдүүлэгч гишүүн болох хувь иргэдийн өөрийн хувь заяаг мэдэн шийдвэрлэх эрх чөлөөт байдлаас шууд хамаардаг тул ардчилсан нийгмийн үндсэн суурь нөхцөл нь иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө, түүний тэгш байдал байдаг. Төр нь ардчилсан, чөлөөт сонгуулиар ард түмнээс төрийн дээд эрх болон хувь иргэдийг ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн төрийн бодлого болох хуулийн ноёрхлын дор захирагдах хүлээн зөвшөөрөлтийг нь олж авдаг болохоор сонгуулийг эдүгээ даян дэлхийн ардчилсан улсуудад нэгэнтээ нийтлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчмуудыг хангасан хэлбэр, агуулгатайгаар зохион байгуулах нь алив чөлөөт ардчилсан, эрх зүйт төрийн оршин тогтнох, тухайн нийгмийн эв найртай амьдралын уг үндэс болдог билээ. Энэхүү нийтлэг зарчмуудын дотроос хамгийн чухал нь, хамгийн хазайж, хязгаарлах боломж багатай байхыг шаарддаг нь сонгуулийн тэгш эрхийн зарчим байдаг.

Иргэд нь өөрсдийн төлөөлөл болох төрөө тэгш эрхтэйгээр сонгох боломжоор хангагдаагүй нөхцөлд тухайн төр нь өөрийн хүлээн зөвшөөрөгдөх шинжээ алддаг учраас сонгуулийн тэгш эрхийг боломжит дээд хэмжээгээр хангахгүйгээр ардчилсан төрийн тогтолцоо бүрэлдэх боломжгүй юм. Орчин цагийн “тэгш эрхт ардчилал”-ын энэхүү зарчимтай салгашгүй холбоотой, нийгэм төрийн ардчилсан тогтолцооны урьдчилсан нөхцөл болж байдаг шинжээс нь шалгаалан сонгуулийн тэгш эрхийн зарчим нь эдүгээ ардчилсан ёсонд тухайн нөхцөлд хэр тааруулсан тэгш байдал бус харин туйлийн ойлгомжтой, барагтай зөрчин хязгаарлах боломжгүйгээр хатуу тогтоогдсон тэгш байдлаар ойлгогддог болжээ.

Нөгөө талаас тэгш эрхт ардчилсан сонгууль нь тодорхой хугацааны дараа өөрсдийн төлөөллөө өөрчлөх боломжийг ард түмэнд олгож байдгаараа хүчирхийлэлгүй, хувьсгалын бус замаар нийгмийн өөрчлөлт, шинэчлэл явагдаж, хөгжин дэвших нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг мөхөс би мэргэдийн өмнө улиглан тайлбарлаж омтгойдон буй даа хүлцэл өчье.

Ийм ч учраас миний бие иргэн Д.Ламжавын өргөдлийг хянан хэлэлцэж гаргасан ҮХЦ-ийн бага суудлын хуралдааны 2008 оны 3-р сарын 26-ны өдрийн 04 дүгээр магадлалын нэгдүгээр үндэслэлд ҮХЦ-ийн 1993 оны 4 дүгээр дүгнэлтээр “сонгуулийн “тэгш эрхийн” зарчим Үндсэн хуульд тусгагдаагүй болохыг тогтоосон байна” гэснийг “Үндсэн хуулийн Хориннэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тусгайлан” тодруулж хуульчлаагүй болохыг тогтоосон байна” хэмээн тайлан ойлгож байгаа юм.

Хэрэв үүнээс өөрөөр, эсрэгээр “Монгол улсын Үндсэн хуулинд ерөөсөө сонгох эрхийн тэгш байдлыг тусгаагүй, өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тусгаагүй учраас бусад хуульд ч хуульчилж болохгүй” хэмээн тайлан ойлгох тохиолдолд өмнө дурдсан үндэслэлийн утгаар Монгол улс ардчилсан нийгэм, төрийн байгуулалтай улс биш гэсэн агуулгыг илэрхийлэх тул ҮХЦ-ийн өндөр сэнтий дээрээс ийм утгыг хэрхэв ч айлдаагүй гэдэг нь хэнд ч эргэлзээгүй биз ээ.

Миний ийнхүү тайлан ойлгосон нь ч зөв гэдэг нь энэхүү өргөдлийн үндэслэлийн 2 дугаар хэсгийн а) дурдагдсан баримтуудаар нотлогдож буй.

Гэтэл Үндсэн хуулийн үндэс болсон ардчилсан ёсны зарчмын салашгүй хэсэг болох сонгох эрхийн энэхүү тэгш байдлыг УИХ-ын 2007 оны 98 дугаар тогтоолоор зөрчиж, сонгуулийн аль тойрогт хамаарагдаж буйгаас шалтгаалан зарим сонгогчид 2 санал, зарим нь 3 санал, зарим нь 4 санал гаргах нөхцлийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт, Гуравдугаар зүйл, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн үндэслэлээ энд дахин нотлохын учир нь гомдол гаргагчид Н.Жанцан гишүүн тогтоолдоо бидний энэхүү үндэслэлийг харгалзан үзээгүй мэт ойлгогдсонд оршино.

  1. Сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийг зөрчсөн агуулгагүй юм. Харин эдгээр заалтыг хэрэгжүүлэх замаар гаргасан УИХ-ын 2007 оны 98 дугаар тогтоолоор УИХ-ын сонгуулийн тойргийг тогтоож, мандатыг хуваарилахдаа хууль тогтоогчийн зүгээс бидний өргөдөл болон энэ гомдолд дурдагдсан алдааг гаргаж, Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хуулиар тодорхойлогдсон сонгох эрхийн тэгш байдлыг зөрчжээ.

  1. Манай хууль тогтоогчдын сонгуулийн эрхийн тэгш байдлын тухай ойлголтод санаатай болон санамсаргүй гаргадаг зарим суурь алдаанууд байгаа нь ҮХЦ-д гаргасан тайлбарууд, УИХ-ын 2007 оны 98 дугаар тогтоол зэргийн агуулгаас тодорхой харагддаг бөгөөд сонгуулийн эрхийн тэгш байдалтай холбогдолтой УИХ-ын энэхүү байрь суурийг эсэргүүцэн няцаах өөрийн өргөдлийн үндэслэл болгож дараах нэмэлт тайлбарыг өгч байна:

- Сонгуулийн эрх нь сонгох(идэвхитэй) эрх болон сонгогдох (идэвхгүй) эрхийн аль алийг багтаасан ойлголт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр сонгуулийн эрхийн тэгш байдлын зарчим нь сонгох, сонгогдох эрхийн аль алиных нь тэгш байдлын тухай ойлголт болно. Сонгуулийн эрхийн тэгш байдлын зарчмын агуулга нь дэлхий ардчилсан улс орнуудад нийтлэг хэвшин тогтсон сонгууль явуулах олонхийн ба хувь тэнцүүлсэн хэмээх хоёр төрлийн (үндсэн) тогтолцооны алиар нь тухайн сонгууль явагдаж буйгаас шалтгаалан харилцан адилгүйгээр тодорхойлогддог.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 47 дугаар зүйлийн 47.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасанчлан УИХ-ын сонгууль нь олон мандаттай тойрогтой харьцангуй олонхийн тогтолцоогоор зохион байгуулагддаг сонгууль хэмээн тодорхойлж болно.

Эрх зүйн шинжлэх ухаанд хувь тэнцүүлсэн тогтолцоо нь нийт сонгогчдын буюу ард түмний хүсэл зориг, нийгэм дэх улс төрийн хүчнүүдийн харьцааг парламентын хүсэл зоригт буюу парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаанд боломжит хэмжээгээр хуулбарлан буулгах гол зорилготой байдаг тул саналын тоологдох тэгш байдал, амжилтад хүрэх боломжийн тэгш байдлаас гадна саналын амжилтын тэгш байдал буюу тухайн сонгогчийн санал парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцааг тодорхойлоход бусад сонгогчийн саналтай аль болох ижил хэмжээгээр нөлөөлж байхыг шаарддаг. Хувь тэнцүүлсэн тогтолцоог тухайн улс төрийн хүчний авсан санал болон парламентатад эзлэх суудал нь хувьд буулган тооцоолсноор бараг тэнцүү байж, сонгогчдийн хүсэл зориг парламент дахь хүчний харьцаанд “тусгал” болон буудаг энэ шинжээр нь “бодит төлөөллийн загвар” хэмээн тодорхойлдог.

Харин сонгуулийн олонхийн тогтолцооны зорилго нь санал ба суудлын харьцааны хуулбарласан тусгал бус, парламентын олонхийг, ингэснээр ирээдүйн Засгийн газрыг тодруулан шийдвэрлэх явдал байдаг учраас харин ч эсрэгээр санал ба суудлын тэгш биш харьцааг үүсгэдэг шинжээр нь “хийсвэр төлөөллийн загвар” хэмээн тодорхойлдог байна. Энэ тогтолцооны үед сонгогчид өгч буй саналаараа хувь тэнцүүлсэн тогтолцооных шиг парламент дахь улс төрийн хүчнүүдийн хүчний харьцааг тодорхойлоход нөлөөлөх бус, харин парламентын гишүүдийг хувь хүнийх нь хувьд хэн хэнээр бүрдүүлэх, парламентын олонхийг аль намын гишүүд бүрдүүлэх талаар шийдвэрлэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийг хувь хүнийх нь шинжээр нь парламентын гишүүн болгож, хэн парламентын олонхи, хэн цөөнх болохыг нь шийддэг “шийдвэр” юм. Гэсэн хэдий ч энд аль намын гишүүн, ямар улс төрийн бодлогыг дэмжигч вэ гэдэг нь тухайн нэр дэвшигчийн нэг голлох шалгуур шинж байх нь хэн бүхэнд ойлгомжтой. Олонхийн тогтолцооны хувьд тухайн тойрогт сонгуульд ялагдсан нэр дэвшигчид өгөгдсөн сонгогчдын санал парламентыг бүрдүүлэхэд ямар ч нөлөөгүй болж орхигдддог онцлогтой тул хувь тэнцүүлсэн тогтолцооны үеийнх шиг амжилтын тэгш байдал шаардах нь утгагүй болж сонгогчдын саналын тоологдох тэгш байдал болон амжилтад хүрэх боломжийн тэгш байдал хангагдсан байхыг л шаарддаг байна.

УИХ-ын сонгуульд сонгуулийн олон мандаттай тойрогтой харьцангуй олонхийн тогтолцоог хэрэглэсэн тул ийм тогтолцооны үед сонгох эрхийн тэгш байдлыг хангахын тулд шаардагддаг нөхцлүүдийг дурдаж, тэдгээрийн өнгөрсөн УИХ сонгуульд хэрхэн хангагдсан болон УИХ-ын 2007 оны 98 дугаар тогтоолоор хэрхэн зөрчигдсөн болохын энд авч үзье.

а) Саналын тоологдох тэгш байдлыг хангахын тулд ҮХЦ-ийн 1993 оны 12-р сарын 22 –ны өдрийн 04 тоот дүгнэлт гарах явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ц.Товуусүрэн нараас ҮХЦ-д бичгээр ирүүлсэн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн “нэг хүн нэг санал гэсэн зарчимд тулгуурлан” сонгогч бүр ижил тооны санал (Энэ зарчмын “нэг санал” гэдгийг шууд тоон утгаар “нэг” гэж бус харин “ижил тооны” гэж ойлгох ёстой.) гаргах эрхтэй байх ёстой байтал УИХ-ын 98 дугаар тогтоолын дагуу 2008 оны УИХ-ын сонгуульд зарим тойргийн сонгогчид 4 санал, зарим нь 3, зарим нь 2 санал гэх мэтчилэн өгсөн нь сонгогчдын энэхүү тэгш байдлыг алдагдуулжээ. УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Энэбиш энэ зарчмыг “...сонгогчийн санал бусад сонгогчийнхтой тэнцүү байх...” хэмээн тодорхойлсон нь бас бий.

Түүнчлэн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан ҮХЦ-ийн хуралдаанд өгсөн тайлбартаа “...1992 оны УИХ-ын сонгуулийн хуулиар бол нэг сонгогч нэг л нэр дэвшигчийн төлөө санал өгсөн...” хэмээн “булзсан” нь үнэнд нийцэхгүй бөгөөд хожмийн өдрийн хариуцлагаас мултрах гэсэн, “хоёр үзүүртэй зүү” шиг муухай оролдлогуудынх нь нэг болжээ. Энэ үндэслэлийн буруу болох нь 1992 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Сонгуулийг олон мандаттай тойргоор зохион байгуулж явуулна” гэснээр болон 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийн овог нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглээд энэхүү саналын хуудсаа саналын хайрцагт хийнэ” гэснээр нотлогдоно. Мөн энэ тайлбар нь түүний өөрийнх нь бичгээр гаргасан тайлбарын “...мандатын тоо ойролцоо учир...”, “...тойрог, тойрогт мандатын болон сонгогчдын тоо өөр өөр ч гэсэн...” зэрэг агуулгуудтай нь хүртэл зөрчилдөж байгаа юм.

Саналын тоологдох тэгш байдлын дараах нэг бүрдэл нөхцөл нь сонгогч саналаа ямар ч ялгаваргүйгээр бусад сонгогчдын нэгэн адилаар өгөх боломжоор хангагдсан байх болон бодит байдал дээр ийнхүү өгсөн байх явдал юм. Миний бие энэхүү нөхцөл нь УИХ-ын сонгуулийн эдүгээгийн хууль тогтоомжид болон 2008 оны УИХ-ын сонгуулийн үед зохих ёсоор хангагдсан гэж үзэж байна.

Саналын тоологдох тэгш байдлын гурав дахь бүрдэл нөхцөл нь сонгогч бүр давхардалгүйгээр нэг л удаа саналаа өгсөн байхыг шаардана. Энэ нөхцөл ч мөн хангагдсан гэж үзэж байна.

Дөрөв дэх нөхцөл нь сонгогчийн өгсөн санал бусад сонгогчдынхтой тэгшээр үнэлэгдэх явдал болно.

Саналын тэгш үнэлгээ гэдэгт сонгогчийн өгсөн санал нь тухайн сонгогчийн нас, хүйс, арьсны өнгө, хөрөнгө чинээ, нийгмийн гарал үүсэл гэх мэтчилэнгийн хувийн шинж чанараас нь шалтгаалан бусад сонгогчдийнхоос ялгавартайгаар тоологдохгүй, үнэлэгдэхгүй байхыг (1) болон тойргууд дахь сонгогчдын тоо харьцангуй ижил байхыг (2) шаардна.

Эхний шаардлага нь УИХ-ын сонгуултай холбогдсон хууль тогтоомжуудад хэрэгжих боломжтойгоор хуульчлагдсан.

Хоёр дахь шаардлага нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “...хүн амын тоо(г)...үндэслэн...” гэснээр болон 12.3 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэгтгэн нэг тойрог болгоно” гэснээр хууль тогтоомжид зохих тусгалаа олжээ. Мөн хууль тогтоогчийн ойролцоо агуулгатай санаа нь дээр дурдагдсан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ҮХЦ-д бичгээр ирүүлсэн тайлбарт “Ийнхүү нэг мандатад ногдох сонгогчдын тоо нийт тойрогт ойрлцоогоор ижил байхад тойрог, тойрогт мандатын болон сонгогчдын тоо өөр өөр ч гэсэн нэг саналын хувийн жин бүх тойрогт бас ойролцоогоор ижил байдаг...” гэсэн болон УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Энэбиш тодорхойлолтдоо “...тойрог хэсэг байгуулахдаа оршин суугчдын харьцааг адил байлгах, төлөөлж буй хүмүүсийн тоо нь тэнцүү байх, өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлыг нь төлөөлж буй хүмүүсийн тоо нь ойролцоо байх...” гэсэн зэргээс харагдаж байна. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “нэг мандатад ногдох сонгогчдын тоог” бус “тойрог байгуулах улсын дундажийг” баримтлахаар хуульчилсан байгааг та бүхэн анхаарна уу.

Онолын хувьд нэг мандатад ногдох улсын дундаж аль болох ижил байх нь олон сонгогчтой тойргийн сонгогчийн сонгохыг хүсэж, саналаа өгсөн нэр дэвшигч нь сонгогч цөөнтэй тойргийн нэр дэвшигчтэй харьцуулвал сонгогдохын тулд илүү олон сонгогчийн санал авах шаардлагатай болох тул тухайн сонгогчийн саналын амжилтад хүрэх боломж хязгаарлагдаж байна гэсэн утгаар л сонгох эрхийн тэгш байдалтай холбогдоно.

Энэхүү дундаж нь УИХ-ын 2007 оны 98-р тогтоолоор засаг захиргааны нэгжийг шууд харгалзан байгуулагдсан тойргуудийн хувьд хүн амын суурьшлын нягтрал харилцан адилгүйн улмаас хангагдаагүй бөгөөд хууль тогтоогчийн зүгээс 1993 онд ҮХЦ-д гаргасан тайлбартаа өгүүлсэнчлэн тухайн тойрогт ногдох мандатын тоог ихэсгэх багасгах замаар ойртуулан тэнцвэржүүлэх бодлого баримталсан боловч энэ нөхцөл мөн л хангагдаагүй юм. Учир нь Монгол улсын нийт 1.542.617 сонгогчийг УИХ-ын 76 мандатдаа хуваавал нэг мандатад 20.297 сонгогч ногдож байхад Дундгов аймгийн 8-р тойргийн нэг мандатад үүнээс 6.544-өөр бага сонгогчид ногдож, харин Баянзүрх, Налайх дүүргийн 22-р тойргийн нэг мандатад улсын дундажаас бараг хоёр дахин их буюу 19.569-аар илүү сонгогчид ногдож байгаад оршино. 8-р болон 22-р тойргуудийг хооронд нь харьцуулахад 22-р тойрог нь нэг мандатад ногдох 39.866 сонгогчтойгоороо 8-р тойргийнхоос даруй 2,8 дахин их байгаа юм.

Магадгүй хууль тогтоогч үүнийгээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “нэг мандатад ногдох сонгогчдын тоог” бус “тойрог байгуулах улсын дундажийг” хуульчилсан хэмээн тайлбарлаж болох боловч энэ тохиолдолд өмнөхөөс бүр дордсон тооцоо гарч байгаа юм. Яагаад гэхээр 8-р тойргийн 27.506 сонгогчид нь 22-р тойргийн 159.467 сонгогчоос даруй 5,7 дахин бага байгаа юм.

Энэхүү Үндсэн хууль зөрчсөн агуулгатай тойрог байгуулалтаа хууль тогтоогч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг нийслэлд ялгавартайгаар тогтооно” гэж заасан хэмээн хаацайлах гэж оролдвол бас л амжилтад хүрч чадахгүй. Учир нь хамгийн бага сонгогчтой 8-р тойргийн сонгогчдын тоо нь хамгийн их сонгогчтой Хөвсгөл аймгийн 16-р тойргийн сонгогчдын тооноос даруй 2,7 дахин бага, нэг мандатад ногдох сонгогчдын тоо нь ч 1,3 дахин бага байгаагаар тайлбарлагдана. Нийслэлийн хамгийн бага сонгогчтой Сүхбаатар дүүргийн 23-р тойргийн сонгогчдийн тоо нь хамгийн их сонгогчтой 22-р тойргийн сонгогчдоос 2,3 дахин бага, нэг мадатад ногдох сонгогчдийн тоо нь ч ялгаагүй 1,7 дахин бага байна. Ийм нөхцөлд 8-р тойргийн сонгогч А.-гийн сонгохыг хүссэн нэр дэвшигчид УИХ-д сонгогдох боломж, түүний саналын амжилтад хүрэх боломж нь өндөр байж, саналын үнэлэгдэх хувийн жин нь 22-р тойргийн сонгогч Б.-гийнхээс илт давуу болж байгаа тул сонгох эрхийн тоологдох тэгш байдлын нэг үндсэн бүрдэл хэсэг болох саналын тэгш үнэлгээ үгүйсгэгдэж байна.

Иймээс УИХ-ын 2008 оны сонгуульд УИХ-ын 98 дугаар тогтоолын улмаас иргэдийн сонгох эрхийн энд эхлэн дурдагдсан ижил тооны саналтай байх “нэг сонгогч, нэг санал” гэсэн нөхцөл нь хангагдаагүй байдал болон дөрөв дэх нөхцөл болсон саналын тэгш үнэлгээ тойргууд дахь эрс тэс ялгаатай сонгогчдийн тооноос шалтгаалан алдагдсан учраас хууль тогтоогчдын тэр үед илэрхийлж байсан байр суурь нь эдүгээ хэвээр бол миний өргөдлийн болон гомдлын шаардлагын сонгогчдын саналын тоологдох тэгш байдал алдагдсан гэсэн нэг үндэслэл нотлогдож байна.

Жич: Саналын тэгш үнэлгээний тойргууд дахь сонгогчдын тоо харьцангуй ижил байх шаардлага нь сонгогдох эрхээ хэрэгжүүлж буй нэр дэвшигчдийн сонгогдох болон нам эвслүүдийн сонгуульд ялах боломжийн тэгш байдлыг хангахад сонгох эрхийнхээс илүү чухал ач холбогдолтой байдаг.

Сонгогдох эрхийн тэгш байдал буюу сонгогдох боломжийн тэгш байдал нь сонгуулийн тэгш эрхийн нэг салашгүй хэсэг нь болдог. Энэ эрхийн хүрээнд нэр дэвшигч, нам, эвсэл нь УИХ-ын нэг мандат олж авахын тулд нийт улсын хэмжээнд харьцангуй ижил тооны сонгогчдын саналыг авч байж сонгогдох боломжтой байхыг шаардана. Гэтэл хууль тогтоогч:

- УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т 1993 онд ҮХЦ-д гаргаж байсан тайлбарынхаа агуулгаар “нэг мандатад ногдох сонгогчдын тооны” тухай бус “тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг” хуульчилсан нь болон “...аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно” хэмээн заасан нь хэдийгээр дангаарааҮндсэн хууль зөрчсөн агуулгагүй боловч

- “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” УИХ-ын 2007 оны 12-р сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоолоор энэ заалтуудыг хэрэгжүүлэн тойрог байгуулахдаа түүнд заагдсан “ялгаварыг” нь уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт “...хамгийн олон, гэхдээ сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно” хэмээн хуульчлагдсан УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдох хувь хэмжээнээс хэд дахин илүү байхаар тогтоогдсон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт ба Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заагдсан тэгш эрхийн зохицуулалтаар хамгаалагдсан иргэдийн сонгогдох эрхийн тэгш байдлыг зөрчсөн болохыг энэхүү гомдлынхоо өргөтгөсөн нэмэлт шаардлага болгон үүгээр мэдэгдэж, шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Учир нь бид үндсэн өргөдөлдөө зөвхөн сонгох эрхийн тэгш байдал алдагдсан болохыг мэдэгдсэн байсан бөгөөд үүгээр мөн сонгогдох эрхийн тэгш байдлыг УИХ-ын уг тогтоол мөн зөрчсөн болохыг тогтоолгохыг хүсэж байгаа юм.

Энэхүү нэмэлт гомдлын шаардлагын үндэслэл нь дээрх сонгох эрхийн тэгш байдалтай холбогдуулан гаргасан үндэслэл, тоо баримттай адил учраас энд давтахыг түдгэлзэв.

Мөн миний энэхүү нэмэлт гомдлын шаардлагын агуулга нь ҮХЦ-ийн 2007 оны 11-р сарын 16-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтийн шалтгаан болсон иргэн Р.Ууганбаяр, Л.Тэмүүжин нарын гомдлын шаардлагаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрсөн тухай бус УИХ-ын дээр дурдсан тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг мэдэгдсэн агуулгатайгаараа ялгаатай болохыг дурдая.

б) Сонгуулийн харьцангуй олонхийн тогтолцооны үе дэх сонгох эрхийн тэгш байдлын дараагийн чухал шаардлага нь саналын амжилтад хүрэх боломжийн тэгш байдал хангагдсан байх явдал. Харин саналын амжилтын боломж нь зорилгодоо хүрэх боломжоор тодорхойлогдоно. Сонгогчдийн саналын зорилго нь энэ тогтолцооны үед дээр дурдсанчлан парламентыг ямар хувь гишүүдээс, олонхи цөөнхийн ямар харьцаатайгаар бүрдүүлэх вэ, ингэснээр ард түмний (түүнийг бүрдүүлэгч хувь сонгогчийн) хүсэл зоригийг төлөөлсөн парламентын хүсэл зориг болох шийдвэр ямар агуулгатай байх вэ гэдгийг тодорхойлоход оршино.

Тиймээс энэхүү тэгш байдал нь өмнөх саналын тоологдох тэгш байдал хэрхэн хангагдсанаас шууд шалтгаалахаас гадна сонгогч бүрийн ашиг сонирхол парламентад харилцан тэгш төлөөлөлтэй байх боломж, ингэснээр парламентаас гарах шийдвэр, төрийн бодлогод харилцан адил нөлөөлөх боломжоор хангагдсан байхыг шаардана. (төлөөлөгдөх боломжийн тэгш байдал)

Гэтэл дөрвөн мандаттай тойргийн сонгогч А. нь өөрийн дөрвөн саналаа бүгдийг нь тухайн тойргоос ялах нэр дэшигчдэд зөв өгч чадсан тохиолдолд УИХ-д болон УИХ-аас гарах шийдвэрт түүний болон түүний хамаарагддаг нийгмийн бүлэг хэсгийн ашиг сонирхол тусан илрэх боломж нь хоёр мандаттай тойргийн хоёр саналаа хоёуланг нь зөв өгсөн сонгогч Б.-гийн адилтгах боломжоос даруй 2 дахин их байгаа нь тэдний төлөөллийн тэгш байдлыг алдагдуулснаар саналынх нь амжилтад хүрэх боломжийг хязгаарласан зохицуулалт болжээ.

- Иргэн Р.Ууганбаяр, Л.Тэмүүжин, Р.Бурмаа, Д.Сүхгэрэл, С.Оюунтуяа нарын гаргасан өргөдлийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар 2007 оны 11-р сарын 16-ны өдөр хэлэлцсэн хуралдааны явцыг “Өнөөдөр” сонины 2007 оны 11-р сарын 17-ний өдрийн дугаарт товчлон мэдээллэсэн байсныг уншиж байхад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “засаг захиргааны тэгш байдал” түүнийг сонгууль явуулахдаа “хөндөхгүй байх”, “хангах” ёстой тухай ҮХЦ-ийн хуралдаан дээр тайлбарласан нь надад тун хачирхалтай санагдсан. Сонгууль бол сонгогчид өөрсдийн төлөөлөө сонгож, төрөө байгуулдаг үйл ажиллагаа бөгөөд энэ ч утгаар УИХ нь засаг захиргааны нэгжийн төлөөлөл бус сонгогчдийн төлөөлөл байхаар Үндсэн хуульд хуульчилсан бус уу. Сонгуулийн тойргийг байгуулахдаа засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан үзэж болно. Дэлхийн зарим ардчилсан улс орнуудад ч ийм арга, туршлагыг сонгуулийн эрхийн зарчмыг хөндөхгүйгээр хэрэглэсэн нь тохиолддог. Харин “засаг захиргааны нэгжийн тэгш байдал” гэгч нь иргэдийн сонгуулийн тэгш эрхтэй нягт холбоотой, тэр нь парламентын ардчилсан сонгуулийг зохион байгуулахад заавал хангагдсан, хөндөгдөөгүй байх ёстой гэсэн ойлголт байж болохгүй байлтай. Үндсэн хуулиар ард түмэн, түүнийг бүрдүүлэгч сонгогчид төрийн бүх эрхийг мэдэлдээ байлгахаар хуульчилсан болохоос засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагуудын “цуглаан” ч юмуу “тохиролцоогоор” ч юмуу төрийн бүх эрх шилжинэ гэсэн агуулга үгүй. Харин сонгуулийн эрхийг хэрэгжүүлэх үйл явцад бүрэн эрхт ард түмнийг бүрдүүлэгч тухайн улсын иргэд (сонгогчид) хоорондоо л харилцан тэгш эрхтэй байх тухай асуудал яригдана. Ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой УИХ-ын гишүүд маань Үндсэн хуулийнхаа эсрэг үзэл, ойлголттой байгаад туйлаас харамсаж буйгаа энд илэрхийлэе.

Үндсэн хуулийг батлалцсан нөлөө бүхий улс төрч, хуульч нэгэнтэй (албан бус эх сурвалж учраас энд нэрийг нь дурдахаас түдгэлзэв. Д.Ү.) энэ сэдвээр ярилцаж байхад мөн дээрхтэй ижил агуулгатай санаа илэрхийлээд, алсын аймгууд бага төлөөлөлтэй болох учраас үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй хэмээж байснаас болон Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хуралаар хэлэлцсэн 1991 оны 10-р сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 133, 135 дахь талд мөн иймэрхүү агуулгатай санаа илэрхийлэгдсэн байгаа зэргээс үзэхэд манай тэргүүлэх улс төрчид, хуульчид сонгох эрхийн тэгш байдлыг Монгол улсад хангах боломжгүй хэмээн үздэг бололтой. Хэрэв үнэхээр ийм бодолтой, бодлоготой байдаг бол монгол улсад ардчилсан ёс, ардчилсан нийгэм, төрийн байгуулал, эрх зүйт төр тохирохгүй гэсэн агуулгатай болж, Үндсэн хуулиа үндэсээр нь үгүйсгэхэд хүрнэ гэдгийг дахин дурдая.

Харин Үндсэн хуулийн төслийн эх баригч Б.Чимид гуай Үндсэн хуулийг хэлэлцсэн Ардын Их Хурлын 1991 оны 12-р сарын 01-ний өдрийн хуралдаан дээр Улсын Бага Хурлыг төлөөлөн гаргасан тайлбартаа “...Ерөөсөө шуудхан хэлэхэд сонгуулийн асуудал бол засаг захиргааны нэгжтэй холбоогүй гэж үзсэн. Зөвхөн одоо сонгуулийн тойргоор явна. Харин тойргийг хийхдээ засаг захиргааны нэгжийг харгалзах нь бололцоо байвал харгалзана...Бусад оронд сонгуулийнхаа газар зүйн картыг 5-10 жилд нэг удаа шинэчилж, улсын хурлаар баталдаг тийм зарчим барина. Одоо шинэчилнэ гэвэл сонгуулийн газар зүйн картыг бий болгож, Улсын их хурлаар батална. Энэ нь сумын тооноос биш, депутатын тооноос хамаарна. Депутат нь хүн амын тооноос биш, хуулиар тогтоосон хэмжээнээс хамаарна...” хэмээн маш ойлгомжтой, зөв томъёолсон байгааг энд мөн олзуурхан тэмдэглэж байна. (Уг өдрийн хуралдааны тэмдэглэлийн 39 дэх талд үзнэ үү.)

  1. Улсын бага хурлын Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 1991 оны 10-р сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 133-136 дахь талуудыг уншихад сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлахтай холбогдсон хууль тогтоох үйл ажиллагааны нэгэн алдаа илэрч байна. Учир нь О.Очиржав гишүүний “тэгш гэдгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа” гэсэн томъёоллоор санал хураахад нийт 41 гишүүнээс 28 нь зөвшөөрч, 8 нь татагалзаж, 5 нь түдгэлзэж олонхийн дэмжлаг авсан байдаг боловч, Д.Ламжав гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцээд “тэгш гэдгийг хасъя” гэсэн томъёоллоор дахин санал хураахад нийт 41 гишүүнээс 19 нь зөвшөөрч, 17 нь татгалзаж, 5 нь түдгэлзэн олонхийн дэмжлэг аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл, “сонгуулийн тэгш эрхийн зарчмыг” Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд хэвээр үлдээхэээр шийдвэрлэсэн байдаг. Тиймээс УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангийн 1993 оны 12-р сарын 22-ны өдрийн ҮХЦ-ийн хуралдаанд өгсөн тайлбарт болон ҮХЦ-ийн 2008 оны 3-р сарын 26-ны өдрийн 04 дүгээр магадлалын нэгдүгээр үндэслэлд “Түүнчлэн 1991 оны 10-р сард Улсын Бага Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед гишүүн О.Очиржав санал гаргаж, сонгуулийн тэгш эрхийн зарчмыг байх хэрэггүй гэж санал хураалгаж шийдвэрлэжээ” хэмээн дурдсан нь үнэнд нийцэхгүй байна.Үүнээс хойшхи Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлүүдэд ҮХЦ-ийн 1992 оны 12-р сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн хяналтын хэсгийн 2 дахь догол мөрөнд дурдсанчлан үнэхээр сонгуулийн тэгш эрхийн зарчмын талаар дахин хэлэлцэж, санал хураалгасан асуудал байдаггүй бөгөөд Улсын Бага Хурлын тэгш эрхийн зарчмыг хасахгүй байхаар санал хурааж шийдсэнийг хэн, хаана, аль шатанд, хэрхэн өөрчилчихсөн нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлыг нотлох баримтын түвшинд мөн шалган тогтоож өгнө үү.
  2. УИХ-ын 2008 оны 98 дугаар тогтоол нь агуулгаараа УИХ-ын сонгуулийн бүх үйл явц, үр дүнг улсын хэмжээгээр хамаарсан тул 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцож, энэ үр дүнг баталгаажуулан гаргасан төрийн байгууллагуудын зохих шийдвэрүүдийг мөн хүчингүй болгож өгнө үү.

Миний энэхүү гомдлыг Үндсэн хуулийн суурь агуулга, монголын ард түмний хүсэл зоригт нийцүүлэн, шударгаар шуурхай шийдэж өгнө гэдэгт тань гүнээ найдаж,

Хүндэтгэн ёслосон,

Монгол овогт Дашдондогийн Үүрцайх