2007-05-17

МОНГОЛЫН НИЙГЭМ ДЭХ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БА ДАЯАРШИХ ҮЗЛИЙН ӨРСӨЛДӨӨН

10.03.2004. Бонн хот.
Хөрстийн буурал түүхэнд хичнээн эрэлхэг хүмүүс “эх орныхоо төлөө” гэсэн сэтгэлээр энэ насанд ганц олдох амь, амьдралаа золиослон тэмцэж байсан билээ дээ. Бид ч мөн тэдгээр эр зоригтнуудын тухай олон олон гайхамшигт, гунигт, эмгэнэлт түүхийг мэднэ.
Гэхдээ чухамдаа цоглог ч гэмээр, ухаалаг ч гэмээр, магад зарим сонирхолтой сэтгэлгээний тогтоцтой хүмүүсийн өнцгөөс харвал “хэнхэг” ч гэмээр энэхүү үгийн маань уг утга, цаад агуулга нь юунд оршино вэ? Бид үүнийг хэрхэн ойлгодог, хэр зэрэг зүрх сэтгэлдээ бодитойгоор тусган авдагсан билээ? Монголчууд бид эх орноо хэр зэрэг хайрладаг билээ? Ямар хүн жинхэнэ эх оронч вэ? Ерөөс бид эх орноо хэрхэн хайрлах ёстой вэ?

Би болоод бидний монгол залуусын дийлэнх нь эх орондоо хайртай хэмээж, үнэндээ ч тэр сэтгэл нь санааных нь мухарт шингээстэй яваа боловч чухам энэ үг, санааныхаа төлөө ямархан хариуцлага үүрч байгаагаа, өөрийнхөө зүгээс юу хийх, хэрхэн хайрлахаа нэг л сайн ухаарахгүй, харьцангуй хийсвэр ертөнцөд хөвөөд байгаа мэт санагдсанаас энэ талаар нухацтай бодох, энэхүү өгүүллийг бичих санаа төрсөн юм.
Би уг нь өөрөө өөртөө “Би Монгол хүн, би эх оронтой хүн, би эх орондоо хайртай” гээд хэлчихэд би өөрийгөө “эх оронч” гэж бодоод л өнгөрөх байлаа. Харин “эх орон” гэж хашхирсан, цээжээ дэлдсэн болгон “эх оронч” байж чадахгүй гэдгийг бодон дээрх асуултуудыг өөртөө тавиад, ердөө л “эх орон” гэсэн үгийн утга төдийхнийг мөшгөх гэж оролдтол бодрол маань намайг эрчлэн босох хуй салхи мэт аван одлоо.
Эх орон гэж ер нь ингэхэд юу гэсэн утгатай үг билээ? Эх гэдэг нь монгол хэлэнд алив юмсын уг үүсэл, эхлэл, ундрага, төрүүлсэн эх гэсэн утгыг илэрхийлнэ. Орон гэдэг нь үнэндээ орон зай л гэсэн үг. Тэгэхээр эх орон гэдэг нь эх болсон орон зай буюу та бидний уг үүсэл, эхлэл болсон тэр орон зай гэсэн утгатай үг. Бид хан тэнгэрийг эцэгтэйгээ, хатан дэлхийг эхтэйгээ зүйрлэдэг болохоор эх орон гэдэг үг зурвас бодлын эхэнд шууд л газар шороо гэж буудаг. Энэ ч зөв төсөөлөл. Гэхдээ бага зэрэг лавшруулан бодвол энэ маань зөвхөн газар нутгаар хязгаарлагдах бус тэрхүү газар нутаг дээр оршин буй ахуй, соёл, амьдрал, тэмцэл, амьтан, ургамлыг цугаар нь хамарсан “хүрээлэн буй орчин” хэмээх ойлголтод илүү ойр тусан илэрхийлэгдэх болов уу? Энэ бодлын сэжүүрийг лавшруулвал ерөөс хүмүүн төрөлхтөн бид бүгд ЭХ ДЭЛХИЙ гэсэн нэг эх оронтой билээ.
Хувь хүний эх орны тухай ойлголт нь тухайн хүний хүрээлэн буй орчноо мэдрэх чадвар, ухааных нь хэмжээтэй шууд хамааралтай хэмээж болох. Эхийнхээ хэвлийд бүрэлдэж байхад ижийн минь ихэстэй ус миний эх орон байсан, уйлж төрөөд уушиг тэнийлгэхэд эцгийн минь гэр миний эх орон байсан, хөлд орж хөрстийг оноход хөх толгод минь миний эх орон болсон, ухаан орж, уудамд зорчиход улс, түмэн минь миний эх орон болж буй агаад эрдмийг сурч, ёсыг гэгээрч чадвал тэр цагт энэ дэлхий тэр ч бүү хэл огт оргүй миний эх орон юм хэмээн ухаарагдах биз дээ. Өөрөөр хэлбэл хувь хүний тархиндаа хадгалж буй, тухайн хүнийг өөрийг нь өөрийнх нь оюун ухааны хувьд бүрдүүлэн илэрхийлж буй тэрхүү мэдээллүүд нь ямархан цаг хугацаа, орон зайд хамаарч буйгаас түүний эх орны тухай төсөөллийнх нь цараа шууд хамааралтай байдаг.
Нөгөө талаас нь тайлбарлавал хүмүүс хэдийгээр нийгэмлэн амьдрах мөн чанартай амьтад боловч цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдмал энэ бөмбөрцгийн нэг бичил бүрдэл болох энэ биеэр нь хязгаарлагдан буй хувь оюун ухааных нь хүч боломжоос шалтгаалан өөрийгөө хамааруулан, зохицон амьдарч чадах нийгэмлэгийнх нь их, бага шалтгаална. Гэр бүл гэсэн нийгэмлэгээсээ гадагш гаран сэтгэж чадахгүй хувь оюун ухаан байхад нэгэн улс, нийгмийн хэмжээнд, улс үндэстэн дамнуулан дэлхийн хэмжээнд сэтгэх, тэр ч бүү хэл Бурхан багш мэтийн огт оргүйн хязгааргүйд ухааны цараа нь алдуурч, энэ бидний сансрын явдлыг эцэслэгсэд ч байдаг бололтой. Учир иймээс энэ сансар дэлхий дээрх бүх зүйлс хэдийгээр яагаад ч салгах аргагүй нэгэн махбодод нэгдэн орших боловч дотроо агуулж байгаа мэдээллийнхээ шинж байдлаас хамааран амьтан, ургамал, араатан, жигүүртэн, өрнийн, дорнын, өтөл, залуу, хятад, монгол, хангайн, говийн гэхчилэн хоорондоо ялгарсан нийгэмлэгүүдэд хамаарагддаг билээ.
Дэлхий дээрх энэ галавын ноёлогч амьтан болох хүмүүн бидний дотор бурхан багш лугаа нь төдийлөн олон биш бөгөөд хүн бидний дийлэнхийнх нь эдүгээг хүртэл оюун ухаандаа холбогдох мэдээллүүдийг нь багтаан, өөрөө гишүүн нь болон амьдарч чадах хамгийн нийтлэг зохист нийгэмлэг нь тодорхой хил хязгаарын дотор харъяалан эзэмшсэн газар нутаг дээр уг үндэсээрээ нэгдэн орших хүмүүсийн нийгэм буюу ҮНДЭСНИЙ УЛСУУДЫН НИЙГЭМ байсан.
Эдүгээ хүн төрөлхтний мэдээлэл дамжуулах хурд, багтаамж нь нэмэгдсээр байгаа болохоор бидний хүлээн авах мэдээллийн хэмжээ ч ихсэж, илүү ихийг танин мэдсэнээр дэлхийд нэгдэх үйл явц эрчимжиж, хувь хүний хамаарах нийгэмлэгийнх нь хэмжээ томроно гэж найддаг үзэл ч байдаг байх. Би хувьдаа эдүгээгийн хүний ертөнцөд ноёлох хандлагыг олоод буй “АМИНЧ ҮЗЭЛ”-ийн түрлэг болон Европын холбоо, Бүс нутгийн хэлэлцээрүүд гэх мэт дэлхийн улс төрийн нэгдлийн үйл явц, үзэл санааны эрчимжилттэй уялдан Европын холбооны гишүүн улсууд, зүүн европын хуучин социалист орнуудад өрнөж эхэлсэн хэт үндсэрхэг ба үндэсэрхэг үзэл санааны тархалт, баруун жигүүрийн болон хэт үндэсэрхэг улс төрийн хүчнүүдийн нөлөөний өсөлт, “Америк маягийн эх оронч үзэл”-ийн идэвхжилт зэргээс үүдээд дээрх үзэлд итгэл муутай ханддаг.
Нөгөөтэйгүүр бид ийнхүү үндэстэн, улс гэх мэтчилэнгийн жижиг нийгмийн бүлэглэлүүдэд хуваагдан, өрсөлдөн тэмцэлдэж амьдрах нь энэ хорвоогийн жам ёс гэдгийг мартаж болохгүйг хүн төрөлхтний буурал түүхэн дэх бүгдийг нэгтгэх гэсэн эзлэн түрэмгийллүүдийн зорилго хэзээ ч биелэж байгаагүй түүхүүд бэлхнээ харуулдаг. Цаашдаа ч тэр мэтчилэнгийн хүчирхийлэл, аминч үзэлд тулгуурласан оролдлогууд бүтэх магадлалгүй гэдэг нь өнөөгийн дэлхий дээр болж буй үйл явдлуудыг бодитойгоор ажиглан буй хэнд ч ойлгомжтой л байгаа шүү дээ. Тиймээс миний бодлоор нэгдэл, нягтралын үйл явц эрчимжихийн хэрээр задрал, ялгарлын үйл явц ч бас сэргэж байгаа тул үндэсний улсууд гэсэн нийгэмлэгүүд хүн төрөлхтний дийлэнхийнх нь хувьд ямагт гол, амин нийгэм нь байсаар байх болов уу. Эдүгээ цагийн өнгө ийм байхад жижиг буурай байгаа монголчууд бидний хувьд даяаршил, хүний эрх, хөгжил дэвшлийн жишээ гэхчилэн өрнийн соёл, ахуйг шүтэн, хормой, хушуугаа дэвсэн гүйгээд байх нь өөрийн эх орноо, эрх чөлөөгөө сайн дураараа салаан завсраараа урсган алдаж байгаагаас аливаа ангид утгагүй билээ. Гэхдээ бид дэлхийн бусад улс түмэнтэй нэг гараг дээр, нэг махбодод нэгдэлтэйгээр оршин байгаа гэдгээ мартана гэсэн үг биш л дээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бид оршин тогтнохын тулд нэгдэх хэрэгтэй \Тухайлбал, байгаль орчныг хамгаалах асуудлууд, хүнлэг ёс, байгалийн гамшигийн эсрэг тэмцэл гэх мэтчилэн\, бас ялгарч тэмцэлдэх \Өрсөлдөх ч гэж хэлж болох юм. Гэхдээ өнгөрсөн түүх, өнөөгийн байдлаас үзвэл бидний монголчуудын хувьд тэмцэлдэх гэдэг үг нь илүү зохимжтой байгаа юм\ хэрэгтэй. Аль нэг нь хэт давамгайлваас хямрах болно.
Тиймээ, нэг талаас амьдрал бол тэмцэл. Тэгвэл чухамдаа хүн төрөлхтний бүх түүхийн турш явагдсан олон олон тэмцэлдээн нь юуны төлөө байсан бэ? Энэ бүхэн бол аливаа дарлал, дарангуйллын эсрэг “эрх чөлөөний төлөө тэмцэл” байсан юм. Тэр эрх чөлөө гэдэг нь тэгээд чухам юу билээ дээ? Энэ бол алив дарангуйлал, нөлөөллөөс чөлөөтэй байх БОЛОМЖ юм. Гэтэл хувь хүн нь энэ хязгаартай дэлхийн нэг хэсэг болон оршигч, дээрээс нь угаас нийгэмлэн амьдрах хувь зохиолтой амьтан тул бидэнд хязгааргүй оюун ухаандаа төсөөлөн бодож, хүсэж мөрөөддөг шиг тийм хязгааргүй боломж, үнэмлэхүй эрх чөлөө байдаггүй. Харин тэрхүү хүрээлэн буй орчныхоо нэг хэсэг болон амьдрахдаа эдлэж болох эрх чөлөөнийх нь хэмжээ буюу БОЛОМЖИЙНХ НЬ ХЭМЖЭЭГ “эрх” гэж нэрлэх бөгөөд ямар эрхтэй байх буюу хэдий хэмжээний эрх чөлөө эдлэх вэ гэдэг нь тухайн хүнд хэдий хэрийн орон зай олгогдсон, тэр орон зайд нь агуулагдан буй мэдээллээс тухай хүн хэдий хэрийг нь эзэмшсэн бэ, тэр мэдээлэл нь хэр зэрэг өргөн уудам орон зайд дэлгэрэн түгсэн бэ гэх мэт бодит хүчин зүйлүүдээс шалтгаална. Монголчууд бидний хувьд нэг километр ам дөрвөлжин газарт 1,5 хүн ногддог өргөн уудам нутаг дэвсгэртэй тул дэлхийн зарим улсуудтай харьцуулахад харьцангуй их эрх чөлөөтэй амьдарч байгаа юм. Хэрэв дээр өгүүлсэнчлэн тодорхой хувь хүнд хамаарагдах, тэр хүний уг эхлэл нь болсон орон зай, түүнд нь агуулагдан буй мэдээллийн цогц болох хүрээлэн буй орчныг нь эх орон гэдэг юм бол эрхийн төлөө тэмцэл нь эх орны төлөө тэмцэл, эх орны төлөө тэмцэл нь хувь хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө явуулж буй тэмцэл болно. “Өөвгөр ч гэсэн гэр минь, Өрөвгөрч гэсэн эх минь”, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэх мэт монгол ардын зүйр үгүүд нь бүгд л хүн “өөрийн” гэсэн орон зайтай байхын, өөрөөр хэлбэл, эрхтэй байхын чухлыг, сайхныг өгүүлсэн гүн утгатай билээ.
Гэхдээ зөвхөн орон зайтай байх нь хангалттай бус, харин тэрхүү орон зайд агуулагдан буй мэдээллүүдийг тухайн хүн бас эзэмшсэн мэдсэн, цаашид хөгжүүлдэг, дэлгэрүүлдэг байхыг эх оронтой байхын, эрх чөлөөтэй байхын нэг чухал шинж болгон нуршаад байгаа нь хүний анхдагч хэрэглээ, туйлийн зорилго бол мэдээлэл цуглуулах, танин мэдэх явдал юм гэдгээр тайлбарлагдана. Танд өөрийн гэсэн гэр, хэрэглэл бүгд байж гэж бодъё л доо. Таны тэр орон зайд хэн ч нэвтрэх эрхгүй, хэн ч танд саад болохгүй. Харин та зуухандаа галаа асаагаад, тогоондоо цайгаа чанаад уучихаж чадахгүй бол та нэг их сайхан чөлөөт байдлыг мэдрэхгүй л болов уу? Энэ бүхэн харин ч танд хүндрэлтэй, дарамттай санагдах болно шүү дээ. Энэ мэт та цааш нь нэг нутаг, нэг аймаг, нэг улсын хэмжээнд гэхчилэн бодоод үзээрэй л дээ. Тэгвэл магад та хэдийгээр өргөн уудам нутаг дэвсгэртэй ч тэр дотроо агуулагдаж байгаа мэдээллээсээ төдий л хангалттай эзэмшиж чадаагүй байгаа учир монгол нутагтаа дүүрэн эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байгаагаа мэдрэх болов уу. Тодруулбал, хөдөөний ардууд нь хүн амынх нь бараг тал хувь нь дээдэстэйгээ хамтдаа суурьшин амьдарч буй нийслэл хотдоо орж ирэхээрээ суурин амьдралын талаарх мэдээллийг хангалттай эзэмшээгүйн улмаас(монголоороо, нүүдэлчнээрээ үлдсэндээ) “хөдөө царайт” хэмээн ад үзэгдэн эрх чөлөөгөө хязгаарлуулдаг, нөгөө талд хэдийгээр тэдний сурч эзэмшсэн соёл ахуй нь дэлхийд ноёлох хандлагатай байгаа хэдий ч монголын “шинэ” дээдэс тэргүүтэй хотынхон нь монгол айлд очихоороо монголынхоо нүүдэлчин ахуй соёлыг мэдэхгүйн улмаас “монголоо алдмар”-аараа дуудуулж, бас л хэрэндээ эрх чөлөө нь хязгаарлагддаг шүү дээ.
Эх орон гэсэн ойлголтыг түр энд үлдээгээд цааш нь “ХАЙР” гэж юу вэ? “Хайрлах” гэж чухам яахыг хэлээд байгаа билээ? гэсэн асуултын хариуг жаахан мөшгөе.
Энэ ойлголт нь хайрлагч этгээд ба хайрлуулагч зүйлийн хооронд үүссэн сэтгэлийн харилцааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хайрлагч этгээдийн зүгээс хайрлаж буй тухайн зүйлийнхээ сайн сайхны төлөө ямар нэгэн үйл хийх эсвэл өөрийн зүгээс ямар нэгэн зүйлийг золиослоход бэлэн байгаа тэр сэтгэл зүйн байдлыг “хайр” гэж тодорхойлж болох болов уу. Хайр нь бас л дахиад нөгөө хүний хязгаартай махбодоос шалтгаалаад өөрийн гэсэн хэмжээ хязгаартай. Энэ хэмжээ нь хайрлаж байгаа зүйлийнхээ сайн сайхны төлөө ямар хэрийн үйл хийхэд, ямар зүйлээ золиослоход бэлэн бэ гэдгээр тодорхойлогдоно. Хайрлах гэдэг нь дээрх сэтгэлийн бэлэн байдлыг эзэмшсэн хайрлагч этгээд маань түүнийгээ бодитоор үзүүлэх, хэрэгжүүлэхийг хэлнэ.
Орчлон дээр нэгэнтээ эсрэг тэсрэг зүйлс зэрэгцэн оршдог болохоор хайр гэсэн ойлголттой бас өш хонзон гэсэн ойлголт эсрэгцэн орших тул бид энэ үгээс нэн их цэрвэх шаардлагагүй юм. Ихэнх хайрууд бүтэлгүйтэхээрээ өш хонзон болдог. Мөн өш хонзонгийн хэр хэмжээ нь хэр их хайрлаж байснаас шууд шалтгаалдаг. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй болохоор хайрыг дааж, хариулах ухаантан байхын хажуугаар хар амиа хичээгч, хайрласан сэтгэлийг ашиглагч нар ч бас байх. Тиймээс XIY Далай ламын мянганы сургаалд “Их хайр, их ололт нь их эрсдлийг дагуулж явдгийг сана” хэмээсний утгыг мунхаг би бээр “Хайрлагч этгээдийн хувиар бусдыг хайрлах сэтгэлийн үүднээс зохиосон таны буянт үйл, ачийг тань шунаг муу хүмүүс ашиглачихаад, тусын чинээд бодон ухаарахгүй байх эрсдэл байхын зэрэгцээ, хэрэв та хайрлуулагч этгээдийн хувиар бусдын хайр, тусыг авчихаад үл ухааран алив нүгэлт үйлээр хариулваас хожим хойно танд тэрхүү бүтэлгүйтсэн хайраас үүдэх өш хонзонгийн сэтгэлийн үр тусаж элдэв зовлонд унах эрсдэл бас дагалдаж яваа гэсэн давхар утгыг агуулжээ” хэмээн тайлж буй юм.
Бурхны сургаалд өөрийн дайснаа ч гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэлээр хайрлаж бай хэмээн сургадаг. Библийн номлолд ч гэсэн энэ санаа адил байдаг байна. Тэгтэл Европын төрийн онолд библийн энэ санаа нь “inimicus” буюу хувийн дайсанд л хамааралтай болохоос “hostis” буюу улсын дайсанд хамаарахгүй юм хэмээсэн үзлийг номлодгийг бас анхаарахгүй өнгөрч болохгүй.
Бусад(өөрөөсөө бусад бүх амьт зүйлс)-ын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох гэдэг бол аугаа тэнгэрлэг үйлс билээ. Хайрыг хүн төрөлхтөн нандигнан дээдлэж, хүсэн мөрөөдөж, дуулан, шүлэглэж байдгийн учиг нь түүний энэхүү тэнгэрлэг шинжид оршдог болов уу? Нөгөө талаас хүн байдаг гэдгийг нь эсвэл байж болох юм гэдгийг нь мэддэг боловч байдаггүй, байхгүй байгаа аливаа тэр л зүйлийг хүсдэг болохоор энэ бүхэн нь тэнгэрлэг сайхан хайраар дутсан хорвоод хайр, энэрэл дэлгэрч, дэвжээсэй гэсэн хүсэл мөрөөдлийн илрэл ч байж болох.
“Аминч үзлийг” өөрсдийнхөө нэгдэж байгаа нэг үндсэн шинжээ гэж үздэг Европ тивийн ард түмний соёл ноёлох хандлагатай байгаа эдүгээгийн дэлхий дээр цаашдаа ч хайр энэрэлийг хүсэн мөрөөдсөн дуу, шүлэг, үлгэр, домог улам хүчтэй цуурайтан, дуурссаар байх биз дээ.
Хэрэв алив нэг улсын хил хязгаараар тодорхойлогдсон тэрхүү орон зай, түүний дотоодод агуулагдан буй мэдээллийн цогц нь тухайн үндэстний хувьд эх орон нь болдог юм бол “эх орон” хэмээх энэ үг монголчууд бидний хувьд ямархан агуулгыг илэрхийлэх вэ? Монголчууд бид эх орон гэсэн ойлголтоор “орон” гэдэг үгийг монгол хэлэнд орон зай гэхээс гадна бас тусгаар улс гэсэн үгтэй адилтган хоршуулж “улс орон” хэмээн хэрэглэдэг уламжлалд дулдуйдан Монгол улсыг бүхлээр нь хамааруулан ойлгож, ярьж хэвшжээ.
Монгол үндэстэнд эдүгээ олгогдсон, тэдний оршин амьдарч буй орон зай гэсэн утгаар нь авч үзвэл Өвөр монгол бүхлээрээ, Буриад, Тува, Халимаг, Шин Жан Уйгурын зарим монгол угсааныхныг хамааруулаад бидний орон зай уг нь овоо л юм байхсанж. Харин эдүгээгийн Монгол Улсын иргэд та бидний хувьд бол Монгол улсын дархан хилээр зааглагдсан 1,5 сая километр ам дөрвөлжин нутаг дэвсгэр, энэ орон зайд минь үеийн үеэс хадгалагдан, хөгжиж ирсэн тэр л ахуй, соёл, мэдээлэл байх ёстой болно. Дэлхийн түүхэнд мөртэй төв азийн нүүдэлчдийн угсаа бидний оршин тогтнохын төлөөх “ялгарах хүсэл” буюу бид монгол үндэстэн хэмээн дуудуулахын тулд өнгөлөн тордох ёстой ялгаат шинж маань тэгвэл тэр л нүүдэллэн амьдрах ёс, түүнтэй холбогдон оршсон ахуй заншил, хэл соёл, дуу хуур, шашин суртал, эрдэм ухаан байх ёстой. Тэр бидний орон зайд эрхлэн тоглож яваа үр хойч минь, өтлөн шингэж яваа өвгөд хөгшид минь, үрээ хэмээн зүтгэж яваа эцэг, эх минь, үеийн олон анд нөхөд минь, өвс ургамал, өгөөжит сүрэг бүгд та бидний эх орон.
Хайрлагч нь та бид, хайрлуулах зүйл нь буюу эх орон маань ингэж тодорхойлдогдож байгаа бол бид эх орондоо ямар хэмжээгээр хайртай байж, хэрхэн хайрлах ёстой билээ дээ?
Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө амиа золиослон дайтаж, цаг наргүй хөдөлмөрлөж, дарамт шахалтан дор насыг элээж, эцсийн дусал цусаа дуустал тэмцэж ирсэн түүхийг бид мэднэ. Энэ бүхий л ачинд нь бид өнөөдөр дэлхийд дуурссан нэртэй, хүлээн зөвшөөрөгдөж, тусгаар тогтносон төртэй, газар нутагтайгаа, бор газартаа эдлэх тодорхой хэмжээний эрх чөлөөтэйгээ байгаа билээ. Энэ бол үе үеийн эх оронч өвгөдийн хөлс, цусаар бүтсэн, дамжсан мэдээллүүд, бидний эх болсон орон зай билээ.
Хэрэв та эх орондоо үнэхээр хайртай, өвгөдийн бидэнд үлдээсэн энэ их өвийг таны эх орон болсон хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсвэл өвгөдийнхөө үхэж үрэгдтэлээ тэмцэж чадсан шиг энэ биеэ золиослон, хөлс, цусыг хайрлахгүй тэмцэх ёстой.
Тэртээ нэгэн цагт орчлонгийн хөрсийг хүлгийн туураар эргүүлж явсан хүчирхэг үндэстэн бид эдүгээ төдий л хүч нөлөө багатайхан, дөнгөн оршин тогтнох гэж тэнцэн ядаж буй билээ. Сүүлийн 300 жилийн түүхэндээ бид бусдын эрхшээл дор эх соёлоо сүйтгүүлж, шилдэг хөвгүүдээ хядуулж, хатуу түүхийг элээсэн ч их савны ёроолд бас ч гэж монголын гэсэн зүйлсийг өвгөд маань авч үлдэж чадсан бөгөөд түүнийгээ бидэнд заримыг нь уламжлан үлдээсэн ч бидний онцлог, ялгаат шинж маань тун ч их бүдгэрч байна. Монголчууд бид одоо энэ үед өвгөдийнхөө хатуу ширүүн цагийн дундуур амь, амьдралаараа хамгаалан байж бүдэгч гэсэн авч ирсэн монгол үндэсний ахуй, соёлоо өнгөлөн тодруулж, уламжлан хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Эх оронч байхад үндэсний үзэлтэй байх, үндэсний онцлогоо сэргээн, хөгжүүлэхийн хэрэг шаардлага нь чухам юу билээ дээ? Бид өөрсдийн гэсэн ялгаат шинжтэй байхын хэрэг юу вэ?
Гадаад орнуудаар явж байхад зарим сониуч гадаадынхан таарахаараа чи хятад уу, солонгос уу, япон уу гэж ирээд л шалгаана. Барагтай бол биднээс чи монгол уу гэж асуухгүй. Тэгээд шалгааж, шалгаачихаад монгол гээд хэлэхээр оросын монгол уу, хятадын монгол уу гэж асууна. Аргагүй шүү дээ. Бид тэр хятад, солонгос, японуудаас нь ялгаагүй европ хувцас өмсөөд л явж байгаа, дээрээс нь монголын талаар гадаадад төдийлөн бодитой мэдээлэл тархаагүй юм чинь. Тэгэхэд палестинуудыг бол эрээн алчуураа зүүчихсэн явахад нь чи ирак уу, араб уу гэж асуухгүй. Биднийг үндэснийхээ хувцасыг өмсөөд явахаар бүгд л гайхсан, шоолсон харцаар харцгаана. За энэ ч яахав, хүний газрын усыг ууж яваа болохоор ёсыг нь дагах л хэрэгтэй гэсэн үүднээс орхиж болох асуудал. Гэтэл хамгийн аймшигтай нь бид эх орондоо үндэсний хувцасаа өмсөөд явахаар бараг жаахан сэтгэцийн эмгэгтэйд тооцогдох гээд байдагт байгаа юм. Монголын “шинэ” дээдсийн хүрээлэлд орох гээд монгол дээлтэй, монгол зантайгаа тавиад орвол чинь таныг “яадаг муу бүдүүлэг хөдөө царайт вэ” гээд л гаргаад шидчихэнэ. Хэл яриаг нь ч та бараг ойлгохгүй байх. Яагаад УИХ-ын гишүүд, дарга, сайд нар сайхан монгол дээл хувцастайгаа хуралдаа сууж, гадаадад зочилж, ард олноо үлгэрлэн дагуулж болохгүй гэж. Ингээд монголоороо үлдсэн нь эх орондоо гадуурхагдан дорд үзэгдэн, эрх чөлөөгүй амьдрах болсон болохоор доодос нь дээдсээ дуурайхын үлгэрээр нийгэм ерөнхийдөө үндэсний гэсэн болгоныг дорд үзэх, зай барих, сайн, муу нь хамаагүй харийн гэсэн болгонд хөл алдах болж дээ. Энэ бол амиа хорлож байгаатай л адил мэт.
Хэрэв бид өөрсдийн гэсэн хэлтэй, бичигтэй, соёлтой, ахуйтай, зан заншилтай, шашин шүтлэгтэй, нийгмийн үзэл сурталтай байхгүй юм бол хэн таныг, намайг хятадаас, оросоос ялгаатай, монгол хүн хэмээн хүлээн зөвшөөрөх юм бэ? Яаж бид тусгаар тогтнож, аюулгүй байдлаа хангаж, бор газартаа эрх чөлөөтэй амьдарч чадах юм бэ? Хэрэв бид өөрсдийгөө ийнхүү ялгаж чадахгүй бол эх орондоо тусгаар төр улсаа төвхнүүлэн, энэ байгаа эрх чөлөөгөө эдлэж чадахгүйд хүрнэ. Хэрэв бид өөрсдийгөө ялгаж чадахгүй бол 2 тэрбум хятадуудын тэр их өрсөлдөөн дунд ороод л үрэгдэж, дуусна шүү дээ. Та бидний өнөөдөр эдлэж байгаа энэ бага зэргийн эрх чөлөө бол өвгөдийн маань амь, биеэрээ хамгаалан тэмцэж байж бидэнд өвлүүлсэн монгол үндэсний гэх соёл, ахуйн ялгаат шинжийнх нь л үр жимс шүү дээ. Бид дээр нь сууж, үр жимсээр нь хоолож байгаа мөчрөө хөрөөдөх тийм тэнэгүүд биш баймаар.
Хүний ийнхүү өөрийн гэсэн орон зай, мэдээллүүдээ ялган тодорхойлох чармайлт нь хувь этгээдүүдийн “ЯЛГАРАХ ХҮСЭЛ” буюу оршин тогтнохын тулд өөрийн гэх орон зайгаа тодорхойлох гэсэн төрөлхийн мөн чанар болон орчлон ертөнцийн нэгдмэл шинжтэйн хажуугаар зөрчилт шинжтэй байдаг жам ёсоор нөхцөлддөг.
Монгол улс 1990-ээд оноос ардчиллын замыг сонгож, сүүлийн гурван зууны турш эдэлсэн хараат улсын байдлаасаа салж, бүрэн тусгаар тогтносон эрх чөлөөт монгол түмний орон болох гэж мэрийж буй шилжилтийн эгзэгтэй үеийг туулж байгаа бөгөөд энэ “алтан үе”-ийг монголчууд бид хэр ашигтайгаар даван туулж чадах нь дараа дараагийн өнгөлзөгчдийн аюул үгүйсгэгдээгүй байгаа өнөө үед аж төрж буй та бидний болоод төр барьж буй төрийн түшээдийн эх оронч сэтгэл, хичээл зүтгэлээс шууд хамааралтай. Тиймээс ч монголын төрөөс “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл бодлын үндэс нь эх оронч үндэсний үзэл байна” гэж баталгаажуулсан.
Улс төрийн бодлогын үүднээс бол манайх шиг буурай улсын хувьд өнөөгийн ертөнцөд амьд үлдэхийн тулд даяаршил, нэгдэл гэж нүцгэн дэрчигнэхийн оронд үндэсний онцлогоо өнгөлөн тордох хэрэгтэй нь тодорхой. Гэхдээ бид үндэсний үзэлтэй байна гээд бусад улстай эв эвдэх, хоосон ихэрхэх, хүн төрөлхтний нийтлэг сонирхолоос гажих зэрэг зохисгүй байдал гаргаж болохгүй нь ойлгомжтой билээ.
Эх оронч, үндэсний үзэлтэй байна гэдэг бол улс үндэснийхээ, эх орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, түүний төлөө амь, бие хайргүй зүтгэнэ л гэсэн үг. Үндэсний гэж нэрлэх үү, “үндэсэрхэг” гэж нэрлэх үү гэдэг бол онцийн сонихролтой биш, угтаа нэг л үзэл. Уг үндсээ боддоггүй адгуус ч байхгүйн адил оршин тогтнохын тухайд яригдаж байгаа бол энэ үзэл шиг сайн үзэл, үүнээс илүү хүн төрөлхтөнд хэрэгтэй, сайшаагдах үзэл байхгүй гэж хэлж болно. Харин бусдыг эзлэн түрэмгийлэх, дарангуйлах, үгүйсгэхийн тухайд энэ үзлийг ашиглавал энэ нь зүй ёсыг зөрчсөн, чивэлт үйл болж хувирна. Тиймээс оршин тогтнохын тулд тэмцэж буй монголчууд бид үнэхээр улс үндэснийхээ эрх ашиг, эх орныхоо ирээдүй, эрх чөлөөгөө гол болгон баримталвал өнөөгийн дэлхий дээр бид “үндэсэрхэг” үзэлтэй байхаас өөр арга зам үгүй. Даяршлыг манлайлагч орнуудад ч гэсэн энэ үзлийг бодлогынхоо төвд барьж явааг тандан ухаарахад төдий л төвөгтэй биш. Үүнийг арай зөөлнөөр “эх оронч үзэл” гэж нэрлэж, хэрэглэж болно.
Харийнхан эх орноо хэрхэн хайрлаж, түүнийхээ төлөө юу хийж чадаж байна вэ? хэмээн бодохоор бүр атаархах сэтгэл төрмөөр. Солонгост эдийн засгийн хямрал болоод улс нь өрөнд орсон чинь хүн бүр зүүсэн, хадгалсан алт мөнгөө авчирч өгөөд сарын дотор өрийнхөө тал хувийг барагдуулчихсан гэж байгаа. Палестин, Афганистан, Иракт бараг өдөр бүр хүмүүс эх орныхоо төлөө тэсрэх бөмбөгтэй хамт дэлбэрч байна. Тэднийг шашны фанатикууд, хар тамхины донтонгууд, өсөө авагчид, мөнгөний төлөө үхэгсэд гэх мэтчилэн дэлхийг бүрхсэн өрнийн хэвлэл мэдээллийн сүлжээгээр сурталчилж байгаа боловч оюун ухаант хүн тиймэрхүү хөнгөн зүйлсийн төлөө тийм ч амар алтан амиа өгөхгүй учир миний бодлоор тэд бол эх орончид. Далай лам болон төвдийн дээдсүүд бол “Эх оронгүй эх орончид” бөгөөд тэд бүхий л чадлаараа өөрийн соёлыг дэлгэрүүлж, Хятадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг оюуны, соёлын тэмцэл хийсээр байна.
“Айлын хүүхдүүд ийм айхтар” байхад БИД эх оронтой мөртлөө харьд цагаачилж, хэдэн хиртэй цаасны төлөө гадаадын тэнүүлчидтэй хамтран гадаадад эх орныхоо аль муу муухайг харуулсан баримтат кино хийж, түүнийгээ бодит байдлыг л таниулж байгаа ухаалаг үйл хэмээн мунхаглаж, элдэв ёс бус үйлээр харь улсад үндэстнийхээ нэр төрийг хугалаж, гуйлгачин болоод ч хамаагүй үлдчих санаатай харийн хүмүүсийн хөлийн улыг долоочих гээд дальчиганаж явна.
Өнгөрсөн түүхэнд оросууд өвгөдийн маань үеийн үед монгол нутаг дээрээ нүүдэллэн амьдарч, байгаль орчноо нандигнан хамгаалж, өөрсдийн хүсэл, хэрэгцээгээ хязгаарлан байж хойч үе бидэндээ үлдээсэн эдийн (Үнэндээ эд гэдэг чинь энэ онгон байгаль, дэлхийн бөмбөрцгөөс өөр юу юм бэ? Хүн төрөлхтөн байгаль дэлхийг хэлбэр дүрсийг нь л өөрчилсөн болохоос, ихэсгээгүй, багасгаагүй шүү дээ.) болоод оюуны өвийг минь сүйтгэн бусниулж, ухаантан мэргэд, ихэс дээдсийг минь алж, хядаж дуусгаад, уурваач, шарваач, гөлөг зантангуудаас бүрдсэн “зохиомол” дээдсийн давхаргыг бүрдүүлж, тэднийгээ ашиглан Монгол улсад европын аминч, хомхой үзлээр нөхцөлдсөн суурин иргэншил үүсгэж, соёлоо дэлгэрүүлэн биднийг харьшуулж, эх болсон байгаль, уламжлалт соёлыг минь эрэмдэглэж дөнгөсөн юм.
Одоо ч гэсэн тэдгээр “зохиомол”, монгол хэлээр ч ярьж чадахгүй ээрч, гацсан, харьшмал дээдсийн давхрага нь төрийг удирдаж, ардыг минь мунхруулж, соёлыг минь сүйтгэсээр байгаа билээ. Сүүлийн үед монголын нийгмийн дээд ангилалд багтахын тулд орос хэлний юмуу ямар нэг гадаад хэлний сургалттай сургууль цэцэрлэгээр хүмүүжсэн байх ёстой, хэлд орохдоо харь хэлээр, номд орохдоо бас харь хэлээр орох ёстой гэсэн хандлага ноёлоод байна. Тэгэж байж сая шинэ монголын шинэ дээдэс болно. Хорвоог танихдаа харь хэлээр эхлэхээр, хэл дагаж соёл гэж, харийн л хүн болж байгаа юм. Тэдэнд “хуучин бүдүүлэг” монголоос үнэр ч байхгүй. Өрөм ид, тараг ид, мах ид гэвэл тэд ухас гээд л залгиж орхино. Харин гараад тугал эргүүлчих гэвэл цааш нь туучихаад, аргал түүгээд ир гэвэл чацга цуглуулчихаад, гал ноцоочих гэвэл гэрээ ноцоочихоод л “пээ пай” бохир заваан, хоцрогдсон, бүдүүлэгийг нь гайхаад сууж байх хүмүүс шүү дээ. Гэвч бид ийм “шинэ” дээдсийн тоонд гадаад улсад улсаа төлөөлөн сууж, төр, нийтийн хэргийг залгуулахын эрхээр юмуу эсхүл эрдэм сурах, амьдрал залгуулахын эрхээр гадаад улсад сууж, үр хүүхдээ аргагүй харийн хэл, боловсрол эзэмшүүлэхэд хүрч буй хүмүүсийг хамаарууламгүй байгаа юм. Түүнчлэн үр хүүхдэдээ өрнийн соёл, боловсрол эзэмшүүлэхийн хажуугаар боломжийн хэрээр монгол ахуй, соёлтойгоо бас ойртуулан танилцуулахыг хичээгчдийг бол даруй магтамаар буй за.
Түүнчлэн манай “шинэ” дээдсийн давхрага маань манай улсад байшингийнхаа хананд хэдэн төгрөгөө нуучихсан нам гүмхэн сууж байгаад ардчилал, чөлөөт байдлын далбаан дор хил онгоймогц хилийн цаана байсан хамаатан садантайгаа холбогдон, элдэв наймааны аргаар монгол түмнийг цөлмөж баяжсан “ДОТОР ИРГЭД”-ийн үр сад болох “компанийн захирлууд” нэртэй “шинэ монголууд” буюу цагаан гурилын мантуу шиг бэлцгэр цагаан залуучуудаар эгнээгээ өргөтгөжээ. Тэд нар нь “хөдөө царайт” хэмээн дуудуулсан үдээр шиг хөх монгол түмнээс эдийг нь мөлжиж, газрыг нь ухаж авдгаа авчихаад “үнэтэй жийп” машиныхаа дугуйн шавраар мялаагаад дайрчих шахан давхиж явна. Түүнчлэн хятадын эрлийзүүдийг Монгол Улсын төрийн өндөр албанд, Гадаад харилцааныхаа яаманд, төрийн бусад албадаар дүүргэсэн байгаа юм. Бид ингэж хонь, чоноо ялгахгүй болтлоо эргүүтчихсэн юм гэж үү? Монголчууд бид сайн дураар өлбөрч үхэхгээгүй юм бол чононууд дотроосоо иймэрхүү чонын арьс нөмөрсөн хонинуудыг ялгаж, урахыг нь урж, тасдахыг нь тасдаж зооглох ёстой.
Манай тагнуулынхан, цагдаагынхан оролцсон Монгол Улсын иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэн хятад иргэдэд хууль бусаар зарж мөнгө олдог бүлэглэл байна ч гэх шиг, тагнуулынхан өрсөлдөж төрийн нууцад хамаарах мэдээллүүдийг гадаадынханд дамлан зарж баяждаг ч гэх шиг, тагнуул, цагдаад ажиллагсад ажлаасаа гараад компани нээгээд гэнэт баяжаад явчихдаг нь бол хэвийн үзэгдэл болсон ч гэх шиг үнэндээ хачин хачин л цуу яриа дуулдах юм даа. Хэрэв энэ үнэн бол тангараг өргөсөн цэрэг эрс нь л ингэж байхад бид юундаа ч найдах юм билээ дээ.
Нөгөө газрыг зөвхөн монгол улсын иргэддээ өмчлүүлж байгаа гээд байсан чинь монгол улсын иргэний үнэмлэхийг худалдаад авчихсан дотор иргэдэд өмчлүүлэх гээд байсан юм биш биз дээ. Монгол Улсын иргэдэд үнэндээ газраа өмчлөөд авчих юмсан гэсэн хүсэл, сонирхол байгаагүй л дээ. Харин тэр хэдэн алхам газрыг аваад, тариа ногоогоо тарьчихаж чаддаг тариачин гаралтай, суурин соёлтой “шинэ дээдсүүд”-эд л хэрэгтэй байсан байх. Газрыг хувьчлахгүй болохоор гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм гээд л улиглаад байсан. Тэртэй тэргүй гадаадын хүнд хувьчлахгүй юм чинь энэ бол гадаадын хөрөнгө оруулагчидад хамгийн сонирхолгүй л юмны нэг шүү дээ. Бидний өвөг дээдэс түүхэндээ хэзээ ч газраа хувьчилж байгаагүй. Хэзээ ч суурин амьдраагүй. Нийслэлээ хүртэл байнга л нүүлгэж явсан шүү дээ. Энэ нь монголын эрс тэс, хуурай уур амьсгал, эмзэг нимгэн байгальтай холбоотой байсан юм. Бид яагаад хоёр их суурин иргэдийн дунд олон зууныг элээхдээ суурьшаад амьдарчихаагүй, тариачин болчихоогүй юм бэ гээд бод л доо. Мэдэхгүй, чадахгүй дээ ч юмуу эсхүл зарим нийтлэлч нэртэй тариачны хүүхдүүдийн дайрлаад байгаа шиг тэнэг мангар, угийн хялбар аргаар, дээрэмчин тонуулчин байдлаар амьдраад сурчихсандаа тэгсэн биш шүү дээ. Бидний төлөө өөрсдийгөө хязгаарлаж явсан өвгөдийн минь шарил руу нулмиж яваа тэр мэт бэлцгэр жаалуудыг монголын үр хойч хэзээ нэгэн цагт хага дэвсэх болно.
Газар дор нь алт байвал хурдхан ухаад зарчихая, хойч үе, байгаль орчин бол хамаагүй гэх алт эрднэсийн ангуучид, социализмийн үеийн ашигт малтмалын ордуудын зураг барьчихсан гадаадынханд зараад явж байдаг уул уурхайнхан, төрийн албаны тогтолцоог “бялдууч, өөрсөддөө үнэнч гөлөгнүүдийн тогтолцоо” болгочихоод сэтгэдэг, боддог, эрдэмтэй, чадалтай залуусыг нь эх орондоо амьдрах орон зайгүй болгон гадаадад шахан гаргасан, төрийн албыг нь “мөнгөний уурхай” болгосон албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, харь нутагт амьдрах гэж ядаж яваа нэгнийгээ алж, дээрэмддэг луйварчид, ах дүү, хамаатан саднаа гэр бүлээр нь хүйс тэмтэрдэг алуурчдыг бид эх орны минь төлөө, эрх чөлөөний минь төлөө үхэж чадах хүмүүс гэж найдах уу?
Гадаадын сүмийнхий халхавчин дор орж ирсэн харь улсын тусгай албадаас санхүүждэг байж болзошгүй бөгөөд харийнхны захиалгаар эх орноо үймүүлэх, үндэсний бахархал, мэдрэмжийг нь бөхөөх сөрөг сурталчилгаа хийдэг, сонгуульд ялагдахаар “варвар”-аар нь дуудчихаад, сонгууль дөхөхөөр “миний ард түмэн” гэж гонгинох нийтлэлч, судлаач хэмээгдэгч нэгэн “эх оронч” ч байх жишээтэй.
Нийгэмд нь ажилгүйдэл газар авчихаад байхад урд хөршөөсөө ажиллах хүч оруулж ирдэг, харь нутагт хэдэн мянгаараа гуйлгачин заяаг тэвчин зүтгэж, хөлс, цусаа урсган байж үндэснийхээ эдийн засагт олж ирсэн олон мянган “хар бор” ажилчдынхаа хэдэн мөнгийг нь буцаагаад ашиггүй зээл, тусламжийн хэлэлцээр хийж, тухайн орных нь ганц хоёрхон зөвлөгч нэртэй “кофе уугч”-ид ядуу буурай оронд ажилласны өндөр хөлс болгон өгөөд гаргачихдаг, гадаад гүрнүүдээс монгол түмний нэрээр эрх чөлөө, эх орныг нь барьцаанд тавьж байгаад өр зээл цуглуулж ирээд, гадаадынхантай хувааж идчихээд, монголын ирээдүйг өрийн дарамтанд үлдээж буй “эрх чөлөөний наймаачин” төрийн түшээдийг эх оронч гэх үү?
Харийн гэсэн болгонд шунан дурлагч хэрэглэгчид, хорт спиртийн ундаа хилээрээ зөөж, ард түмнээ архи тамхиар хордуулан мансууруулагч “мөнгөний донтонгууд”, гэр бүл төлөвлөлт гэсэн нэрийн дор үр хөндөлт, элдэв жирэмэлэлтээс сэргийлэх хэрэгслийг дэлгэрүүлэх замаар ядуу буурай орнуудын хүн амын өсөлтийг нь хязгаарлан барьж, өөрсдөө болохоор үхэж үрэгдэхгүй улам өсөн үржиж, бусдын хоолыг булааж идэх гэсэн өрнийнхний ухуулгад автан, төрийн бодлогын хэмжээнд дэмжиж, монголын үрсийг “маш цөөн” болгож байгаа “орчин үеийн” гэр бүлүүд, түүнчлэн тэднийг эдийн засгийн дарамт шахалтаар цөөхөн хүүхэдтэй байхад тулган шахаж байгаа “харгис” нийгмийн тогтолцоог хөхүүлэн дэмжигч улс төрчид гэх мэт нь миний санахад яагаад ч эх орончид биш.
Өөрийн болоод, үр хойчийнхоо эрх чөлөө, эх орноо худалдуулж, идүүлж, цөлмүүлж, доромжлуулж, дарлуулж байгаагаа ухаарахгүй, маанагтаад сууж байгаа та биднийг эх оронч гэх үү?
Эх оронтой байх нь чухал, түүнийгээ хайрлах нь эрх чөлөөгөө хайрлах гэсэнтэй утга адил, дорой буурай байгаа бидний хувьд ингэхийн тулд үндэсний үзэлтэй байж, үндэсний гэх онцлогоо тордон додомдох нь зайлшгүй хэрэгтэй, гэтэл байдал иймэрхүү эмгэнэлтэй байгаа бол бид одоо хэрхэх ёстой вэ?
Энэ эмгэнэлтэй байдлыг үүсгэгчид нь хэдийгээр өнөөгийн монголын нийгмийн дийлэнх хэсэг байгаа боловч “их савны ёроол хоосонгүй” гэдэгчлэн монголын эх оронч, үнэнч шудрага ахмад буурлууд, төрийн түшээд, залуус, оюунтнууд байсаар байгаа. Үүний жишээг та бүхэн “Цахим өртөө” сүлжээний Ахмадын сургаал гэсэн буланд тавигдсан ХХ зууны монголын ахмад зүтгэлтнүүдийн “Хорин нэгдvгээр зууныг эзэгнэх тавилантай хойч vеийнхэндээ єргєн барих санамж бичиг” болон Л.Түдэв абугайн “Даяаршил ба эх оронч үзлийн үндэсний дианетика” хэмээх нийтлэлээс харж болох бөгөөд цаашид хэрхэх ёстой замыг ч тэнд дурайтал заагаад өгсөн байгаа. Ху Намынхан бас ч гэж хөөрхийс хаанаасаа ямар дохио, хэний санааг авч, ямар зорилгоор хийсэн юм бүү мэд, ямартай ч “Эх оронч хүмүүжлийн тогтолцооны өнөөгийн байдал, хэтийн төлөв” хэмээх онол, практикийн үндэсний бага хурал гээчийг 2001 онд төрийн ордонд зохион явуулжээ.

Би дээрх ахмадуудын санаа, сургаалтай аль болох давхцуулахгүйг хичээн, эх орноо хэрхэн хайрлах талаар өөрийн бодож явдаг хэдэн саналаа дор сийрүүлэе.
1. Юуны өмнө дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг учир эх оронч, үндэсний үзлийн төлөвшлийг монголын дээдэсээс манлайлан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Эрхэм дээдэс та хотод өссөн, орос цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн, гадаадад боловсрол эзэмшсэн ямар ч байж болно. Та харийн соёл, ахуйг өдий хүртэлх насандаа судлаж мэдэх гэж зүтгэж, тэмцсэн байж болно. Өрнийн гүрнүүд эдүгээ хүчтэй байгаа болон тэд соёлоо ухаалагаар эзлэн түрэмгийлж, эрх чөлөөгөө тэлэх арга болгон өөрсдийн дэлхийг бүрхсэн хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ сурталчилан өнөөгийн дэлхий дээр ноёлох байр суурьтай болгосон учраас монголын нийгэм таны мэддэг, эзэмшсэн тэр соёл, ахуйг дээрд үздэг байх нь таныг дээдэс гэж хүлээн зөвшөөрөгдөх гол шалтгаан чинь ч байдаг байж болно. Та хэрэв миний дээр нуршин өгүүлснийг ойлгосон бол энэ байдлаа цааж хөхүүлэн дэмжих, үндэсний ахуй соёлоо дорд үзэн адлах нь амиа хорлосон хэрэг гэдгийг ухаарсан байх гэж найдаж байна.
Нөгөө талаас хөдөө нутгийн ардууд нь нэгэнт бид тодорхой хэмжээний суурин амьдралыг эх орондоо төлөвшүүлчихсэн болон өнөөгийн дэлхий дээр үндэстнийхээ хувьд оршин тогтнохын тухайд бусад улс түмэнтэй өрсөлдөн тэмцэлдэх нь жам ёс, ийнхүү өрсөлдөн тэмцэх чадавхийг олж авахын тулд өрнийн соёл иргэншлээс бас ч суралцан, танин мэдэх шаардлага зайлшгүй гэдгийг ухааран алхам тутамдаа судлан мэдэхийг хичээх хэрэгтэй юм. Гэхдээ суурьтай судлан сайн мууг нь таньж мэдээд, шаардлагатай цагт тэр мэдлэгээ хэрэглэх чадвартай л болох тухай асуудал болохоос монгол нутаг дээрээ улам цааш нь харийн мэдээллийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, өөрөө өрнөжиж харьших хэрэгтэй гэсэн үг биш.
Уурган дээгүүр харайлаа, босгон дээр зогсож, тотгоноос зүүгдлээ гэхчилэн монгол ёс заншлыг зөрчсөн ааш аяг гаргахаар өвгөд маань “Монголоо алдмарууд” хэмээн зэмлэн буруушаадаг байж билээ. Энэ үгийн утгыг одоо нэхэн бодоход монгол хүнийхээ чанараа, монгол ухаанаа алдсан гэхийн цаана тэгснээрээ монгол улсаа, эх орноо, эрх чөлөөгөө алдмарууд гэж зэмлэж байсан гүн ухаантай байжээ. Хүн соёлоо алдвал, бусдаас ялгарах ялгаагаа алдвал улсаа, тусгаар тогтнолоо алддаг гэдгийг дээр нэгэнтээ өгүүлсэн билээ.
Үнэндээ дорд би бээр эрхэм дээдэс та бүгдээс нэгэнт ийм их суурьшмал амьдрал, хот, суурингуудыг буй болгочихсон, дэлхий дээр өрсөлдөн оршин тогтнохын тулд бас ч гэж энэ соёлыг мэддэг, чаддаг, судалдаг байхгүй бол болохгүй болсон эдүгээ үед хөдсөн дээл нөмрөөд хаврын салхинд хонины захад хацраа сайртуулаад гүйж яв хэмээн шаардаж байгаа юм биш. Ганцхан монгол монголоороо үлдэхэд тэр л монголын гэсэн соёл ухааныг тордон хөгжүүлэх хэрэгтэй юм гэдгийг ухаарч, түүний мөн чанар, гүн ухааныг нь судлан ойлгоогүй байж дорд үзэн, түүхийн хог руу чулуудахын оронд, хэдийгээр та бүхний өнөөг хүртэл олж эзэмшсэн, та бүгдийг дээдэс болгон харуулж байгаа тэрхүү амьдралын туршлага, өрнийн соёлоос чинь огт өөр, судлаж мэдэхэд ихээхэн цаг, хүч шаардах асар их мэдээллийг агуулсан ч гэсэн монгол түмнийхээ болон өөрийнхөө ирээдүйн эрх чөлөө, эх оронтойгоо үлдэхийн тулд монгол соёл, заншлаас иргэний эр зориг гарган нас, хүчээ зориулан судлаач, бага ч гэсэн хадгалж үлдээч, үр хүүхдэдээ уламжлуулаач, хадгалж үлдсэнийг нь дэмжээч, дорд биднийгээ энэ зорилгод, энэ үйлсэд манлайлан дагуулаач л гэж хүсээд байгаа юм. Хүн аврана гэсэндээ л мөргөдөг, гуйдаг болохоор хүлээн авах эсэх нь гагц таны ухааны цараас л шалтгаалана. Үр хүүхдээ битгий хэлд ороход нь, эрдэмтэй танилцахад нь эх орондоо байгаа мөртлөө харь хэлний сургалтаар эхлүүлээч. Эхлээд монгол хэлээр хорвоотой танилцуулж, монгол соёлтой, монгол сэтгэлтэй болгочихсон байхад дараа нь гадаад хэлийг сурч эзэмших бол нэг хоёр жилийн л асуудал шүү дээ.
Монголын нийт дээдэст хандан дээгүүр харцтай, дээрэлхүү зантай байхаараа дээдэс болчихдог юм биш, дээд ухаантай, дээдийн үйлийг бүтээж, дээд явдлаар явж байж ард түмэндээ дээдлэгдэн хүндлэгдсэнийг нь дээдэс гэдэг юм шүү гэдгийг бас хэлэх байна.
2. Гагцхүү байгаль орчноо хамгаалснаар л эх орондоо эрх чөлөөтэй амьдарч чадна гэдгийг чанд ухамсарлан газар шороогоо ухаж худалдах гэсэн сэтгэлгээнийхээ сул жолоог татаж, ухсан ч, хөндсөн ч буцаан сэргээх ажлыг маш чанартай, хатуу хяналттай хийдэг байх хэрэгтэй юм. Тэртэй тэргүй цөлжиж байгаа газар шороогоо ухаж сэндийлэхийг, газар нутгийнхаа хэдхэн хувийг эзлэдэг, дээрээс нь шатаад дуусаж байгаа модныхоо нөөцийг гадаадад худалдахыг зогсоож, түүнээс улбаалан үүсэж байгаа ундны усны хомсдол, гол мөрнийхөө ширгэлт, цөлжилттэй тэмцэх тал дээр хүч анхаарлаа төвлөрүүлэх, нүүдлийн соёл, иргэншлийнхээ эх байгалиа хамгаалдаг уламжлал, давуу талыг сурталчилан дэлгэрүүлэх хэрэгтэй байна.
3. “Эх оронч, үндэсний үзлийг” төлөвшүүлэх талаар төрийн зүгээс нэг хурал хийсэн болоод зогсчихгүй бодитой ажлыг эхлүүлж, ялангуяа төрийн тэргүүний зүгээс хэдийгээр та дахин сонгуульд өрсөлдөхгүй ч гэсэн энэ үйлсэд голлох үүрэгтэй оролцох хэрэгтэй байна. Герман үндэстнийг дайны дараах нурангин дотроос босгосон гол хүчин зүйл нь тэдний “өндөр хамар” буюу тухайн үндэстний бахархал, “герман үндэстэн цаг баримталдаг”, “бүх юмыг ёсын дагуу гүйцэтгэдэг” гэх мэтийн суртал нь байсан юм. Бидний монголчуудын үндэсний бахархлыг хураангуйлсан бүтээлийг эрдэмтэд судлаачдын хамтын хүчээр бүтээж, иргэддээ сурталчлан таниулах, өрхүүдэд үнэгүй тараах, сургалтанд ашиглах хэрэгтэй байна. Үндэсний онцлогыг хамгаалан, хөгжүүлэх талаар ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын хүчийг нэгтгэх, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.
4. Монгол үндэсний соёл, уламжлалыг хадгалан үлдсэн цөөхөн хэдэн малчин түмнээ дээдлэн хүндэлж, амьдрал ахуйг нь сайжруулах, залуусыг хөдөөд, монгол ахуйдаа тэмүүлэх сэтгэлийг нь сэргээхийн тулд нүүдлийн соёл иргэншлийг судлан сурталчлах тал дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслэлүүд хамтран ажиллах хэрэгтэй. Түүнчлэн хот, хөдөөгийн хоорондын холбоог сайжруулах, хотынхонд нь нүүдлийн ахуйн мэдээллийг, хөдөөгийнхөнд нь суурин амьдралын мэдээллийг түгээн хүргэх талаар “хоёр нутагтны хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх, ингэснээр залуу үеийнхнийхээ альч цагт, ямар ч орон зайд амьдрах дархлааг мэдээлэлжүүлэх замаар нэмэгдүүлэх, залууст бас өнөөгийн дэлхий дээр эх оронтойгоо оршин тогтнохын тулд бусдаас хоёр дахин илүү ихийг сурч мэдэх шаардлага буюу нүүдлийн болоод суурин соёл иргэншлийн аль альных нь мэдээллийг эзэмшсэн байхын зайлшгүйг сурталчилан таниулах хэрэгтэй юм. Үүнд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг ашиглаж боломжтой.
5. Морин хуур, уртын дуу, хөөмий, цуур, монгол гэр, айраг гэх мэтчилэн Монголын гэсэн соёл, ухааны өв болгоныгоо өөрийн болгож, дэлхийн соёлын өвд өөрийн нэрээр оруулж авах хэрэгтэй байна.
6. Хамгийн гол нь одоо цагаан цаас шиг байгаа хойч үеээ элдэв харийн суртал ухуулгаас хамгаалж, эх оронч үндэсний үзлээр хүмүүжүүлж эхлэх хэрэгтэй юм. Монгол ёс уламжлал, шашин судлал ба ёс суртахууны удиртгал гэсэн хичээлүүдийг 10 жилийн сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай байна. Энэ ажлыг бид эрчимтэй эхлүүлж чадвал 5-10 жилийн дараа гэхэд тов хийсэн үндэсний дархлаажилттай болчихсон байх боломжтой билээ. Гэхдээ мэдээж хэрэг тэднийгээ орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололтоос хоцроогоод аваад үлдчихэнэ, гадаад хэлний мэдлэг огт эзэмшүүлэхгүй гэж байгаа хэрэг биш шүү гэдгийг ойлгоно биз дээ.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч үр хойчоо хүмүүжүүлэхдээ аль болох монгол үлгэр, домог, оньсого таавар, түргэн хэллэг, монгол тоглоом гэх мэтийг ашигладаг болох, хүүхдийн ном зохиол бүтээх, хэвлэх, тоглоом, наадгайг үйлдвэрлэхдээ монгол уламжлал, өнгө төрхөө үргэлжид шингээж байх ёстой. Бидний өнөөгийн хүч султай, дорой байдлыг нөхөх ганцхан болоод хурдан арга зам бол эрдэм ухаан, оюуны хөгжлөөс өөр юу ч биш гэдгийг ойлгох цаг нэгэнтээ болсон. Тиймээс социализмийн үед оросын нөлөөнд сүйтгэгдэж эвдэгдсэнээ сэргээн босгож чадахгүй юм гэхэд олсон долсоноо эдүүгээ цагт бусниулан алдахгүй байхыг бас хичээж, өдөр ирэх тусам нэмэгдэж буй бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахын тулд 8 жилийн албан боловсролын тогтолцоотой болох шаардлагатай байна.
7. Монгол хэлээ эрдэмтэд судлаачид судлан сайжруулж, харь хэлнээс орж ирсэн аливаа хэллэгийг монгол хэлний хэрэглээнээс хасах, харь үгсийг монголчлох ажлыг яаралтай хийж, нийтийн хүртээл болгох шаардлагатай юм. Монгол бичгээ уламжлан сургах ажлыг эрчимжүүлж, адилхан гадаад үсэг атал криллээс латин үсэгт шилжинэ гэж хөрөнгө мөнгө үрэхийн оронд алсдаа хуучин монгол бичигтээ шилжихийг эрмэлзэх хэрэгтэй юм. Гэхдээ бас хуучин монгол бичгээр дамжуулан өвөр монголоор далдлагдан орж ирэх Хятадын нөлөөний тухайд сайтар бодолцож, цаг хугацаа, нөхцөл байдлын ончийг тааруулах хэрэгтэй.
8. Харийнхны гар хөл бологчид, монголын үндэсний ашиг сонирхолд харшилагчид, хор учруулагсдыг нийгэм бүхлээрээ жигшин зэвүүцэж, ёс суртахууны хариуцлага хүлээлгэн, монгол үндэсний эрх ашигийг дээдлэхгүйгээр, монгол орныг хайрлахгүйгээр монголын нийгэмд амьдрах аргагүй эсвэл тэр магтаад байгаа харь орондоо очиж амьдрахаас өөр аргагүй болтол нь шахдаг нийгмийн хариуцлагын тогтолцоо төлөвшүүлэх хэрэгтэй. Үүнийг хүн бүр ухаандаа авч, монгол түмний эрх ашигт тэрслэгчдийг соргогоор тандан илрүүлж, тарыг нь таньж авах хэрэгтэй.
9. Монгол хүн бүр хаа явсан газраа өөрт олгогдсон ажил, үүргээ нэр төртэй, үнэн сэтгэлээсээ биелүүлж, эх орныхоо нэрийг бодож элдэв муу үйл, зохисгүй араншин гаргахыг тэвчиж байх хэрэгтэй. Бусдад дээрэлхүүлэхгүй, тэмцэлд ялагдахгүй, өөрийнхөө нэр төр, нандин чанраа хамгаалж явах нь бас эх орныхоо, үндэстнийхээ нэр төрийг бодож байгаа хэрэг гэдгийг ч бодолцож байгаарай. Залуус бид “Домогт монголын омогт жаалууд” болохгүйн тулд нэгэн цагт “их гүрэн” явсан үндэстний үлдэгдэл гэдгээ ямагт ухаарахын зэрэгцээ хөрстийн дээр цөөхүүлхнээ гэдгээ бас ямагт санаж, эв нэгдлийг хамгаас эрхэмлэн, хүний хүү нэгийг сэтгэж байвал бид хоёрыг сэтгэж, хүний хүү нэгийг хийж байвал бид хоёрыг бүтээж, “юухан ч сурсан эрдэм”, “дээд баян эрдэм” ном гэсэн өвгөдийнхөө алтан сургаалыг эрхэмлэн бодож цаг ямагт аливааг сурч, мэдэхэд, хийж бүтээхэд, танин мэдэхүйн баяр баясгаланд тэмүүлэн амьдрах ёстой. Бас “Өөдлөхөд санах, сэрэх, Уруудахад унтах, идэх” ч гэдэг дээ.
Ийнхүү би бээр эх оронч байхын тулд, улс үндэснийхээ ашиг сонирхолыг хамгаалахын тулд, эрх чөлөөтэйгээ үлдэхийн тулд хэрхвэл зохих талаарх таны гүн бодлын өлмийд ерөөлийн есөн цацал өргөж өгүүллээ өндөрлөе.
Монгол Д.Үүрцайх.

Keine Kommentare: