2007-05-17

МОНГОЛЫН НИЙГЭМ ДЭХ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БА ДАЯАРШИХ ҮЗЛИЙН ӨРСӨЛДӨӨН

10.03.2004. Бонн хот.
Хөрстийн буурал түүхэнд хичнээн эрэлхэг хүмүүс “эх орныхоо төлөө” гэсэн сэтгэлээр энэ насанд ганц олдох амь, амьдралаа золиослон тэмцэж байсан билээ дээ. Бид ч мөн тэдгээр эр зоригтнуудын тухай олон олон гайхамшигт, гунигт, эмгэнэлт түүхийг мэднэ.
Гэхдээ чухамдаа цоглог ч гэмээр, ухаалаг ч гэмээр, магад зарим сонирхолтой сэтгэлгээний тогтоцтой хүмүүсийн өнцгөөс харвал “хэнхэг” ч гэмээр энэхүү үгийн маань уг утга, цаад агуулга нь юунд оршино вэ? Бид үүнийг хэрхэн ойлгодог, хэр зэрэг зүрх сэтгэлдээ бодитойгоор тусган авдагсан билээ? Монголчууд бид эх орноо хэр зэрэг хайрладаг билээ? Ямар хүн жинхэнэ эх оронч вэ? Ерөөс бид эх орноо хэрхэн хайрлах ёстой вэ?

ХАРДАХ ЭРХ БА МЭДЭЭЛЛЭЭР ЗАСАГЛАХ НЬ

2001 он. Бонн хот.
Байгаль хоосролыг тэвчдэггүй.
Тухайлбал, хүмүүс үнэнийг мэдэхгүй
байгаа үедээ тэрхүү үнэний хоосон
орон зайг хардалт, таамаглалаараа
дүүргэдэг. /Бернард Шоу/
Өмнөтгөл
Аливаа ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, хүний хэвлэн нийтлэх эрх бодитой хэрэгждэг байх нь амин чухал гэдгийг бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг, хүсдэг боловч бодит байдал дээр энэхүү чөлөөт байдал нь ихэвчлэн дутагдмал, хуурамч байдаг билээ. Монгол улсын хувьд хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг ардчиллын жилүүдэд хэрэгжүүлэх, баталгаажуулах оролдлогыг хийж байгаа боловч эдийн засгийн хараат байдал, нийгмийн ухамсрын доройтол, хуучин тогтолцооны арга барилын үлдэгдэл, төрийн ардчилсан бус байдал зэрэг сөрөг нөхцөл байдлуудаас хамаараад жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу гэж найдаж байна.
Энэхүү өгүүллээрээ би хүний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэсэн улс төр, эрх зүйн ойлголтийн "эрүүл" логик (учир шалтгааны ухаан) нь чухам ямар "байх ёстой" вэ гэдэг талаарх өөрийн "төсөөлөл"-өө илэрхийлэх гэсэн билээ. Энд би "байх ёстой"-гийн тухай асуудлыг хөндөхийг хичээх бөгөөд "байгаа"-гийн тухай болон "байдаг"-ийн тухай өөрийн үзэл бодлоос гадуурх бодомжуудыг та бүгдийн оюунд үлдээе.